
АНУ-ын Конгрессын баталсан хуулиас болж олон сая иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй болно
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан татварыг бууруулж, батлан хамгаалахын салбар болон хилийн аюулгүй байдлын зардлыг нэмэгдүүлэх хуулийн төслийг дэмжжээ. Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намаас сууж буй гишүүдийг тэргүүлэгч Хаким Жеффрис уг хуулийн төслийн эсрэг 8 цаг 55 минутын турш үг хэлж, рекорд тогтоож, ардчилсан намын бүх гишүүд санал хураалтын явцад уг хуулийг төслийг эсэргүүцсэн хэдий ч Д.Трампын санаачилсан хууль олонхын буюу 218 гишүүний саналаар дэмжигджээ.
Ерөнхийлөгч Д.Трамп гарын үсэг зурснаар уг хуулийн төсөл хүчин төгөлдөр болох юм. Уг хуулийн төсөлд хилийн аюулгүй байдал, саатуулан хорих төвүүдийн бүтээн байгуулалт, цагаачлалын албаны зардалд ойролцоогоор 150 тэрбум ам.доллар, зэвсэгт хүчний салбар тэр дундах Д.Трампын санаачилсан “gold dome” агаарын довтолгооноос хамгаалах системд мөн л 150 тэрбум ам.долларыг зарцуулахаар тусгажээ.
Конгрессын Төсвийн алба дээрх хуулийн төсөл нь ирэх 10 жилд АНУ-ын төсвийн алдагдлыг 3.3 их наяд ам.доллароор нэмэгдүүлнэ хэмээн анхааруулаад байгаа аж. Түүнчлэн уг хуулийн төслийн дагуу олон сая америкчуудын хамрагддаг эрүүл мэндийн даатгалын Medicaid, бага болон огт орлогогүй иргэдэд хүнсний талон олгох SNAP хөтөлбөрүүдийн санхүүжилт буурах ба үүнээс болж сая сая иргэд өлсгөлөнд автаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй болох аж.