
Диого Жота, түүний дүү Андре Силва нарыг оршуулах ёслол бямба гарагт болно
Өнгөрсөн пүрэв гарагт Испанийн Замора мужид зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар нас барсан Английн Ливерпүүл клубын довтлогч, хагас хамгаалагч, Португалын шигшээ багийн тоглогч Диого Жота болон түүний дүү Андре Силва нарыг оршуулах ёслол ирэх бямба гарагийн өглөө тэдний төрж өссөн Порту мужийн Гондомар хотод болох аж.
Испанийн хууль сахиулагчид 28 настай Д.Жота, түүний дүү 25 настай А.Силва нарын унаж явсан машин зам дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед дугуй нь хагарч, жолоогоо алдсан байж болзошгүй гэж таамаглаж буй аж.
Диого Жотагийн үхэл хөлбөмбөгийн ертөнцийг цочирдуулж, улс орнуудын төрийн тэргүүнүүд, Ливерпүүл клубын удирдлагууд, түүнтэй мөр зэрэгцэн тоглож байсан тамирчид мөн дасгалжуулагчдын зүгээс эмгэнэл илэрхийлжээ. Ливерпүүл клубын Энфилд цэнгэлдэхийн гадна иргэд, хөгжөөн дэмжигчид Д.Жотагийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөсөөр байна.
Д.Жота дөнгөж 11 өдрийн өмнө ахлах сургуулиасаа үерхсэн Руте Кардозотой хуримаа хийгээд байсан юм. Тэд бага насны 3 хүүхэдтэй аж.
Ливерпүүл клубт тоглосон 5 улирлын туршид Д.Жота 182 тоглолтод оролцож, нийт 65 гоол хийсэн юм. Тэрээр Ливерпүүл клубын хамт Английн хөлбөмбөгийн цомын тэмцээнд нэг удаа, Английн хөлбөмбөгийн холбооны тэмцээнд хоёр удаа түрүүлсэн юм.
Ливерпүүл клубтэй 41 сая фунт стерлингийн гэрээ хийхээсээ өмнө Д.Жота Wolves клубын тоглогчийн хувиар 131 тоглолтод оролцож, 44 гоол хийсэн байжээ. Португалын шигшээ багийн тоглогчийн хувиар Д.Жота 2019 болон 2025 онд UEFA Nations League-д удаа түрүүлсэн юм.
Орчуулагч, редактор С.Энхзаяа