
Шинээр төрсөн хүүхдээ E-Mongolia системээр дамжуулан бүртгүүлэх боломжтой
Улсын хэмжээнд 2025 оны эхний улиралд 13 мянга 361 эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 786 -аар буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Мөн 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3 хувиар буурсан байна.
Шинээр төрсөн хүүхдийг 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгчид хандан бүртгүүлдэг байсан бол 2021 оны 11 дүгээр сараас эхлэн шинээр мэндэлсэн хүүхдийг цахимаар бүртгэж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар E-Mongolia системд 767 иргэн шинээр мэндэлсэн хүүхдээ цахимаар бүртгүүлэх хүсэлт гарган бүртгүүлжээ.
Хүсэлтээ илгээсний дараа Монгол Шуудангийн ажилчид холбогдож, бичиг баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргэж, бүртгэл хийгдсэний дараа төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтыг таны хаягаар хүргэж өгөх боломжтой аж.