
Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ
Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, VII хороолол орчмын дахин төлөвлөлтийн бүсэд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийн хүртээмж бага. Тиймээс тухайн бүсэд барилгажуулалт хийхгүй байх эсэх саналыг оршин суугчдаас авах асуудлаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон холбогдох албаныхан байршил дээр нь ажиллалаа.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотод буй дахин төлөвлөлтөд алдаатай зүйлс их ажиглагддаг. Ялангуяа Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо буюу 7 дугаар нэгж хорооллын дахин төлөвлөлтийн асуудал нь сүүлийн 10, 20 жилийн буруу төлөвлөлтийн хамгийн том жишээ. Мөн Баянзүрх дүүргийн 2013 оноос хойш барилгажилтыг жишээлээд үзвэл дөчөөс дөрөв нь л 50 хувийн төлөвлөлттэй, бусад нь үүнээс бага байна. 7 дугаар нэгж хорооллын хувьд анх төлөвлөхдөө хүн амын хэтрэлтгүй нийгмийн хүртээмжтэй талбайд түгжрэлгүй байх гэх зэргээр шийдсэн боловч барилгажилт нь төлөвлөгөөний дагуу яваагүй учраас олон жилийн дараа том асуудал болсон. Тиймээс уг асуудал дээр зөвшөөрөл өгч буй байгууллагаасаа эхлээд хамтарч ажиллах хэрэгтэй. Мөн доороос дээш буюу иргэдийн санал дээр тулгуурлан төлөвлөлтийг эхлүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд хороо, дүүргээс иргэдтэй уулзалт зохион байгуулж, цаашлаад Засаг даргын зөвлөлийн хурал болон НИТХ-д хүргүүлэх нь зүйтэй” гэв.


Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “9, 10, 11 дүгээр хорооны оршин суугчид нь хамгийн хүнд нөхцөлд байгаа. Амьдралын орчин таагүй, аюулгүй байдал бүрэн хангагдаагүй зэргээр хэт их барилгажилт дунд байдаг. Мөн буруу барилгажилтын нөлөөгөөр сургууль, цэцэрлэг хүртээмжгүй болсон. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хичээлийн жил эхлэхэд 300 хүүхэд цэцэрлэггүй байна. Тиймд, манай дүүрэг, хороодын Засаг дарга нарт бүх иргэдийн мэдээлэл, санал хүсэлт ирсэн учраас зохион байгуулалт хийж, энэ долоо хоногтоо багтаан НЗДТГ-т албан бичгээр хүргүүлнэ” гэлээ.



