
Монгол Улсын Улсын онцгой комиссын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2025 оны 06 дугаар сарын 24- ний өдрийн А/249 дүгээр тушаалын хүрээнд эрүүл мэндийн салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс нэг сарын хугацаанд шилжин, улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг “Хаалганаас хаалганд” зарчим баримтлан эрчимжүүлэн зохион байгуулж байна.
Уг аяны хүрээнд улсын хэмжээнд Аймаг, Дүүргийн сум, Өрхийн эрүүл мэндийн төвүүд “Улаанбурханы эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх өдөрлөг”-ийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр улс орон даяар нэгэн зэрэг хийж байна. Сүхбаатар дүүргийн Хороо бүрт энэ өдөрлөг нэгэн зэрэг хийгдэж байгаа бөгөөд хүн амын төвлөрөл их 11 дүгээр хороонд дүүргийн Нэгдсэн өдөрлөгийг зохион байгууллаа.
СБД-ын ЗДТГ-ын дарга Ө.Энхбаяр:
Сүхбаатар дүүрэг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд вакцинжуулалтын өдөрлөгийг хийж байна. Үүнд өрхийн эмнэлэг болоод Засаг даргын тамгын газраас эдгээр вакцинужуулалтын цэгүүдэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж байна” хэмээн хэлсэн юм.
Нийслэлийн ЕБ-ын 131-р сургуулийн захирал Ө.Дуламсүрэн:
Сургуулийн зүгээс ирэх намар шинээр элсэгчид болон сурагчдийг вакциндаа бүрэн хамрагдсаны дараа хичээлийн шинэ жилээ эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Ганцхан манай сургууль ч биш улс орон даяар бүх сургуулиуд ийм арга хэмжээ авч буй. Мөн шинэ элсэгчдийн сургуульд бүртгүүлэх үйл явцад хүртэл халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй. Иймд вакцинжуулалтад бүрэн хамрагдах хэрэгтэй байна.
СБД-ийн “Дотны туслагч” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ч.Цэрэндолгор:
Улаанбурханы толбот гүвдрүүт тууралт нь нүүрнээс эхлэн бүх биеэр дээрээс доош туурна. Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүснэ. Хамраас нус гоожих, нүд улайж үрэвсэх, ханиалгах, хоолой өвдөх нь нь улаанбурханы эрт үед илэрдэг нийтлэг шинж тэмдэг бөгөөд халуурснаас хойш 1-3 хоногийн дараа эдгээр нь илэрнэ. Улайралтын үед ринит, ларингит, коньюктивит буюу хамар битүүрэх нус гоожих, хоолой үрэвсэх, нуух цувах, нүд улайх, гэрэлд гялбах шинж илэрнэ.Бие ядарч сульдах, шалтгаангүйгээр сульдах шинжээр эхэлнэ. Ихэнхи тохиолдолд хүүхэд тийм ч хүчтэй биш бага зэргийн халуурч, хоолондоо дургүй болно. Хэрвээ таны хүүхэд 40 хэмээс дээш халуурч байвал энэ нь маш аюултай тул эмчид хандах хэрэгтэй. Бидний хувьд цаг алдалгүй ажиллахыг хичээж байгаа. Иймд та бүхэн хүүхдээ вакцинд хамрагдсан эсэхийг шалгах, хийлгээгүй бол цаг алдалгүй дархлаажуулалтанд хамрагдах, халдварын тархалттай бүс нутгаар зорчсон бол өөрийгөө тусгаарлаж биеэ ажиглах зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.
Улаанбурхан өвчний эсрэг вакцины талаар Шадар сайд С.Амарсайхан:
Монгол Улсын Засгийн газрын хувьд халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах нь нэн тэргүүний зорилт. Одоогоор улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж, дэгдэлтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна. Тиймээс нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх ажил хэрэгжиж байна. Вакцин бол айдас биш. Харин аюулыг сэргийлэх, гэр бүлээ хамгаалах хамгийн найдвартай арга. 2025 оны 6 дугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд нийт 10,721 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 71.1 хувь нь улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд байна. Нөхөн дархлаажуулалтын хүрээнд улсын хэмжээнд байнгын 560, явуулын 345 нийт 905 цэгийг ажлын болон амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллуулж байна. 2015–2016 онд Монгол Улсад улаанбурхан өвчний томоохон дэгдэлт гарч нийт 53,737 тохиолдол бүртгэгдэж, 132 хүн нас барсан. Нас баралтын 90.7 хувь нь 0–1 насны хүүхдүүд байсан нь хамгийн эрсдэлтэй бүлгээ хамгаалах шаардлагатайг харуулж байгаа юм. Тухайн үед Засгийн газрын хариу арга хэмжээний хүрээнд 6 сартайгаас 5 настай хүүхдийн 95 хувь, 18–30 насны иргэдийн 88 хувийг нэмэлт дархлаажуулалтад хамруулж, дэгдэлтийг амжилттай зогсоож байсан юм. Иймд эргэлзэх шаардлагагүйгээр вакцинжуулалтадаа идэвхтэй хамрагдаарай” хэмээн онцоллоо.
Видео мэдээ БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: