
Монголчууд цагаан сарын баярын өдрүүдээр орон нутагт амьдарч буй аав ээж, садан төрлүүддээ очиж золгох, Үндэсний их баяр наадмаар аймаг, сум явж, хүчит бөхийн барилдаан, мэргэн сурын харваа, хурдан морины уралдаан үзэх гээд хот, хөдөө, хол, ойр явдаг. Гэвч энэ мэт бүх нийтээр амардаг, тэмдэглэлт баярын өдрүүд амралтын өдөр таарах юм бол тэрхүү амралтыг дараагийн ажлын өдөр рүү шилжүүлж амраах зохицуулалт холбогдох хуульд тусгагдаагүй. Харин УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дээрх зохицуулалтыг нэмэлт оруулж өгч, УИХ-ын даргад ө 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн байдаг. Харин өчигдөр энэхүү заалтыг хууль тусгах эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуульд оруулж буй энэхүү нэмэлтийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Ингээд Байнгын хорооны босго давсан учир өнөөдөр /2025.07.02/ УИХ-ын чуулганаар хэлэлцэх товтой байна.
Одоо хэрэгжиж буй хуулиар бол долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15 өдөр нийтээр тэмдэглэх баярын өдөр тул бүх нийтээр амрахаар байгаа юм. Гэвч Засгийн газар 2025.06.04-ний өдрийн хуралдаанаар долдугаар 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа тул 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн билээ. Гэхдээ энэ бол нэг удаагийн л зохицуулалт.
О.Батнайрамдал, Б.Уянга нарын санаачилгыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжвэл энэ мэт бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг баярын өдрүүд амралтын өдөр таарвал шууд дараагийн ажлын өдрүүдэд нь амардаг хуулийн злхицуулалттай болох нь ээ.
Хэрэв тэдний санаачилга дэмжигдвэл:
- 2026.3.8-ны өдөр ням гараг таарч байгаа тул даваа гарагт нь буюу 9-нд бүх нийтээр амарна
- 2026.07.10,11,12,13,14,15,16,17,18,19 гээд 10 өдөр амрах нь ээ.
Үүн дээр нэмээд ирэх жилийн цагаан сар хэдэнд болохоос хамаарч, хэд хоног амрах нь тодорхой болох юм.