
Туул, Тэрэлж зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ
Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Дэлгэрмөрөн, Хангай нурууны арын Чулуут, өврийн Түй, Буянт, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгдэж, Чулуут гол олон жилийн дунджийг 10 см давсан байна.
Бэлтэс гол Баянзүрх сум орчимд болон Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 10-20 см давсан хэвээр байна. Өнөөдөр /2025.07.01/ баруун аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй буйг ЦУОШГ-аас мэдээлэв.
Гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер болох нөхцөл бүрдэх тул үер, усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.