
“Squid Game” цувралын найруулагч 59 кг болтлоо турж, 8 шүд нь унажээ
Дэлхий даяар шуугиан тариад буй Squid Game цувралын 3-р бүлэг гарч дууссантай холбоотойгоор тус цувралын найруулагч Хван Дон Хюк өнгөрсөн даваа гарагт сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Сүүлийн 6 жилийг Squid Game цувралд зарцуулсан тэрээр завсарлага авч, амрах хүсэлтэйгээ илэрхийлжээ. 2021 онд Squid Game цуврал гарсан даруйдаа Netflix стриминг үйлчилгээний өмнөх бүх рекордуудыг эвдэж, үзэгчдийг байлдан дагуулж, дотоодын төдийгүй олон улсын хүндтэй шагналуудыг хүртсэн билээ.
Squid Game цувралын эхний бүлгийн дараа найруулагч Хван Дон Хюк кино зохиолоо бичих явцад түүний 6 шүд унасан талаар дурдаж байсан бөгөөд эхний бүлэг асар өндөр рейтингтэй байсан учраас найруулагч Хван Дон Хюк 2 ба 3-р бүлгийг бичиж, найруулах ажилдаа даруй шамдан орсон юм.
Өнгөрсөн сарын 27-нд цацагдсан Squid Game цувралын 3-р бүлэг үзэлтээрээ дэлхийн 93 улсад тэргүүлээд байна. 3-р бүлгийн төгсгөл зарим үзэгчдийн сэтгэлд хүрээгүй талаар найруулагч Хван Дон Хюк, “Олон улсад Squid Game цувралыг сурталчлах ажил маш давчуу явагдсан.
Цагийн зөрүүнээс болж 1 сар орчим бараг унтаагүй гэж хэлж болно. Бие сэтгэлийн хувьд сайнгүй байсан. Тийм болохоор үзэгчдийн сэтгэгдлүүдийн талаар сайн мэдэхгүй байна. Заримд нь таалагдаад, заримд нь таалагдаагүй гэж сонссон. Үүнийг ч сайн ойлгож байна.
Цувралын 1-р бүлэг тийм ч өндөр хүлээлттэй байгаагүй учраас үзэгчдэд цочирдом бөгөөд шинэлэг мэдрэмжүүдийг төрүүлсэн. Үзэгчдэд тоглогчдын тоглосон тоглоомнууд, өнөөгийн нийгмийн асуудлуудыг хэрхэн харуулсан нь таалагдсан. 2 ба 3-р бүлгийн хувьд зарим нь тоглогчдоор илүү сонирхолтой тоглоомнууд тоглуулаасай гэж хүсэж байсан бол зарим нь нийгмийн асуудлуудыг илүү хөндөөсэй, нөгөө хэсэг нь хайртай дүр нь амжилтад хүрээсэй гэх мэтээр хүсэж, тодорхой хүлээлттэй байсан. Тийм ч учраас үзэгчдийн сэтгэгдэл хуваагдсан байгаа байх. Ингээд тус цувралын найруулагч Хван Дон Хюктэй ярилцсан ярилцлагыг бүрэн эхээр нь манай сайтын гадаад үйл явдлын амьдралын орчуулагч, редактор С.Энхзаяагийн орчуулснаар хүргэж байна.
-А: Гол дүр Ги Хүний үхлийг эртнээс төлөвлөсөн байсан уу?
-Хван Дон Хюк: Эхлээд би жаргалтай төгсгөл төсөөлсөн л дөө. Ги Хүн амьд үлдэж, Америкт очоод охинтойгоо уулзана гээд. Зохиолоо бичиж эхэлсний дараа миний бодол өөрчлөгдсөн. Би юуг өгүүлэхийг хүссэнээ, тэгээд өнөөдөр дэлхийд юу болж байгааг эргэцүүлэн бодсон. КОВИД-19 цар тахлаас хойш эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн тэгш бус байдал улам дордсон. Улс орнуудад дайн байлдаан үүсэх аюул заналхийлж, үндсэрхэг үзэл газар авч байна. Бүх зүйлс буруу зам руу орж байгааг хараад, бид дараагийн үедээ юу үлдээж байгаа талаар бодсон. Залуус хүсэл мөрөөдөл, итгэл найдвараа алдаж байгаа талаар сонсоод би ахмад үеийнхэн шунаг сэтгэлээ татаж, ардаа сайн сайхан зүйлс үлдээхийг хичээгээсэй гэж бодсон. Тийм ч учраас цувралд нялх хүүхдийн дүрийг оруулсан. Ирээдүй болон итгэл найдварын бэлгэ тэмдэг хувиар. Ги Хүнийг тэр хүүхдийн төлөө амиа золиослоосой гэж хүссэн. Миний хэлэх гэсэн санаа бол энэ.
-А: Зарим нь хүүхдийг зөвхөн бэлгэ тэмдэг байдлаар ашиглалаа гэж шүүмжилж байна. Ялангуяа тоглогч 149 буюу Гюм Жа тоглогч 222-ын хүүхдийн төлөө хүүгээ хутгалж байгаа хэсэг үзэгчдийн эргэлзээг төрүүлсэн?
-Хван Дон Хюк: Би тэр хүүхдийн дүрийг бодитоор өсгөж хүмүүжүүлэх ёстой дүр биш зөвхөн бэлгэ тэмдэг гэсэн утгаар оруулсан. Гюм Жа хүүгээ аймшигтай хэрцгий үйлдэл хийхээс сэргийлж зогсоосон. Үсний зүүлтээрээ шархдуулсан нь хүүгээ хөнөөх бус зүгээр л хийх гэж байсан үйлийг нь зогсоох санаатай хийсэн үйлдэл. Хүмүүс тэгж ойлгосон гэж найдаж байна.
Цувралд тоглосон жүжигчид дүрдээ орохын тулд маш их зүйлсийг золиосолсон
-А: Ги Хүн Squid Game цувралын бэлгэ тэмдэг биш гэж үү?
-Хван Дон Хюк: Ги Хүн бол энэ түүхтэй салшгүй холбоотой хүн. 1-р бүлгийг Ги Хүн тэнэг, азгүй, өрөвдөлтэй нэгнээр эхэлдэг ч бүхнийг ухамсарлаж, өөрчлөгдөж эхэлдэг. Жүжигчин И Жүнг Жэ ч дүрээ сайн гаргаж чадсан. 2 ба 3-р бүлгийг бид жил гаруйн хугацаанд бүтээх явцад ч И Жүн Жэ хоолны дэглэмээ барьсаар байсан. Зөвхөн чанасан ногоо иддэг байсан. Үүнийг нь би үнэхээр биширсэн. 1-р бүлгийн зураг авалтын үеэр тэрээр архи ууж, хоолыг төрөл бүрээр нь идэж болж байсан ч 2 ба 3-р бүлгийн зураг авалтын үеэр И Жүн Жэ хоолны дэглэм барьж байсан тул бид хамтдаа хоолонд ч орж чадаагүй. Дүрдээ орохын тулд маш их зүйлсийг золиосолсон. Нээрээ л гадаад орчноос тусгаарлагдчихсан хүн шиг санагдсан.
-А: Гэсэн ч Ги Хүний дүрд зарим нь сэтгэл хангалуун бус байна?
-Хван Дон Хюк: Энэ цуврал Ги Хүнийг баатар болгох тухай биш юм. Front Man хүртэл түүгээр “Баатар болж тоглох гоё байна уу?” гэж тохуурхдаг. Ги Хүн супер баатар болох ёстой хүн биш. Түүнд онцгой чадвар байхгүй, түүний чадах ганц зүйл нь зөв шийдвэр гаргах. Ги Хүний дүр урмыг тань хугалсан ч бодит амьдрал дээр өөрчлөлт ингэж л явагддаг байх гэж итгэж байна. Цөөн хэдэн хүчирхэг удирдагчдын ачаар бус энгийн эсвэл бүр дунджаас доогуур түвшний хүмүүсийн зөв үйлдлийн ачаар.
-А: 1-р бүлэгтэй харьцуулахад 2 ба 3-р бүлэгт маш олон алдартай жүжигчид тоглосон нь өөрөө спойлер болсон гэж яригдаж байна?
-Хван Дон Хюк: Би тэдгээр жүжигчдийг нэр алдраас нь болж тоглуулаагүй. Эхлээд би дүрээ бичээд, дараа нь тухайн дүрд хэн тогловол зохих вэ гэж боддог. Аль нэг дүр илүү олон ангид гарч байгаа нь тэр дүрийг амилуулсан жүжигчин илүү алдартай нь гэсэн үг биш. Жишээ нь тоглогч 388-ын дүрд тоглосон Кан Ха Ныл 333-ын дүрд тоглосон Им Си Ванаас түрүүлж амиа алддаг. Тэглээ гээд Им Си Ван Кан Ханылаас илүү алдартай гэсэн үг биш. Би дүрүүд хэзээ амиа алдаж байгаад бус хэрхэн амиа алдаж байгаад анхаарсан.
-А: T.O.P 3-р бүлгийн АНУ дахь сурталчилгаанд оролцсон. Тэр үүнд маш ихээр талархаж байгаа байх гэж бодож байна?
-Хван Дон Хюк: Сён Хюн (T.O.P) олон нийтийн өмнө гараагүй удсан болохоор сандарч байсан. Таносын дүр үзэгчдэд таалагдсан нь түүнд урам зориг өгсөн. Надад байнга л талархсанаа илэрхийлээд сүүлдээ тэр нь надад жоохон тухгүй болж ирсэн (инээв). Гэхдээ би түүнийг “аврах” гэж кинондоо тоглуулаагүй. Түүнийг кинонд тоглох цаг завт гаргаж чадна гэж бодоод л энэ дүрийг санал болгосон. Сён Хюн Таносын дүрийг яг л миний төсөөлж байснаар гаргасан. Энэ л хангалттай. Түүнийг бүгд уучлаагүй ч Сён Хюн дараа дараагийн төслүүд дээр шаргуу ажиллаж, хүмүүсийн итгэлийг буцааж олж авна гэж найдаж байна.
Хван Дон Хюк: Миний эмээ хүртэл хүчээ алдсан бөөд залилуулж байсан түүхтэй. Цувралдаа тийм дүрийг гаргахыг хичээсэн
-А: Тоглогч 044 буюу бөө эмэгтэйн дүр бас их сонирхолтой байсан?
-Хван Дон Хюк: 1-р бүлэг дээр гарсан Хан Ми Нёгийн дүр шиг галзуу солиотой дүр бичихийг хүссэн. Бөө мөргөлийн шашин нь өөрөө Солонгосын нийгмийн салшгүй нэг хэсэг. Ерөнхийлөгчийн ордноос хүртэл бөөгийн талаарх янз бүрийн мэдээлэл гардаг шүү дээ. Саяхан гарсан K-Pop Demon Hunters гээд хүүхэлдэйн кино хүртэл байна. 2 ба 3-р бүлгийн турш бөө эмэгтэйн хүч орж гарч байгааг харж болно. Миний эмээ хүртэл хүчээ алдсан бөөд залилуулж байсан түүхтэй. Би тийм л дүрийг гаргахыг хичээсэн.
-А: Front Man-ын дүрийг хэрхэн бүтээсэн бэ?
-Хван Дон Хюк: Front Man нь Ги Хүнийг харахдаа доод зиндааны хүн гэж хардаг. Тэр Ги Хүнийг эвдэж, өвдөг дээр нь сөхрүүлэхийг хүсдэг нэгэн. Тийм ч учраас Ги Хүнийг дахиж тоглохыг дуудаж, хутга өгч, өөрийнхөө адил нэгэн болгохыг хүссэн. Нөгөө талаас түүний өчүүхэн нэг хэсэг Ги Хүнийг тоглоомоо даваасай гэж хүсдэг. Ги Хүн 222-ийн хүүхдийг аврахыг сонгосон нь Front Man-ы хүндлэлийг хүлээсэн. Front Man Ги Хүний эд зүйлсийг охинд нь дамжуулсан нь ч үүнтэй холбоотой. Squid Game-ын арал дээрх байгууламжийг дэлбэлсэн нь ч Ги Хүний ялалт, өөрийнхөө ялагдлыг хүлээн зөвшөөрсөа явдал байсан.
-А: Сүүлийн тоглоом дээр Ги Хүнээс бусад нь бүгд муу талын дүр болж хувирсан?
-Хван Дон Хюк: Би төгсгөлөө аль болох хар бараан байлгахыг хүссэн. Хүн чанар, хүний мөс үлдээгүй мэт харагдаж байгаа газарт өчүүхэн жижиг хүн чанар үлдсэнийг харуулах гэсэн юм. Цаашлах тусам найдваргүй болж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн. Тоглогч 333 хүмүүст итгэдэггүй хүн. Тэрээр амиа хоохойлж, “муу бүхнээр хүрээлүүлсэн энэ ертөнцөд би ямар ч байсан хамгийн муу нь биш” гэсэн уриатай амьдарсаар ирсэн нэгэн. Тоглоомд гуравхан хүн үлдэхэд тоглогч 333 буюу Мён Ги Ги Хүн түүнийг хөнөөгөөд, хүүхдийг нь авна гэж бодсон. Тийм ч учраас Ги Хүнийг зогсоож, хүүхдийг доош шиднэ гэж сүрдүүлдэг. Дараа нь өөртөө хүүхэд өөрийнх нь биш гэж итгүүлж, амиа бодсон зан чанар нь дахин гарч ирдэг. Энэ бол хүн төрөлхтний хамгийн муухай тал.
-А: Squid Game цувралыг бүтээх явцад үлдсэн дурсамжуудаас өгүүлбэл?
-Хван Дон Хюк: Сүүлд Ги Хүний унаж байгаа хэсгийн зураг авалт мартагдашгүй байсан. Ги Хүний гаргаж байсан царайны хувирлуудаас тэр хэсэгт гаргасан царайны хувирал мартагдахын аргагүй байсан. Сэтгэл санааны хувьд ч, бие махбодийн хувьд ч цуцаасан зураг авалт байсан. Энэ дүрд жилийн турш орж тоглосон жүжигчин хүний хувьд эхлүүлсэн зүйлээ дуусгасан мэдрэмж авсан болов уу. Зураг авалт дууссаны дараа бид анх удаагаа хамтдаа хооллож, сархад хувааж уусан.
-А: Ги Хүн үхсэн нь дахиж өөр бүлэг гарахгүй гэсэн хатуу байр суурь шиг санагдсан?
-Хван Дон Хюк: Зөв зөв (инээв).Түүний дүрээр дамжуулан уг түүхийг өгүүлэхийг хүссэн, Ги Хүн үхсэн болохоор Squid Game одоо байхгүй. Цувралын төгсгөлд Кэйт Бланшетт гарсан нь шинэ бүлэг гарна гэсэн үг биш. Цувралаа Ги Хүн Америкт очоод гудамжинд Америкийн “Ddakji Man”-ыг харж байгаагаар төгсгөх хувилбарыг бас бодож үзсэн. Ги Хүний үхлээр төгсгөхөөр шийдсэн даруйд Squid Game ингээд дуусаж байгааг ойлгосон. 12-р сард Холливуудад Squid Game-ын шинэ хувилбарын зураг авалт эхэлнэ гэж яригдаж байгаа нь худал.
-А: Зарим үзэгчид Жүн Хогийн дүр илүү ихийг хийх боломжтой байсан гэж үзэж байна?
-Хван Дон Хюк: Анх Ги Хүн, Жүн Хо хоёрыг хамтдаа ажиллана гэж төлөвлөж байсан. Тэгсэн төгсгөл өөрчлөгдөөд, Жүн Хо жоохон оройтчихсон (инээв). Жүн Хог ахтайгаа ямар ч байсан таараасай гэж хүссэн. Front Man Жүн Хог хүүхэд өсгөж, хүмүүжүүлж чадах, 45.6 тэрбум воныг үрэн таран хийчихгүй хүн гэж харсан байх. Дээр нь Жүн Хог ээж нь хүлээж байгаа шүү дээ.
-А: Front Man-ы тухай кино хийгдэх эсэх тал дээр?
-Хван Дон Хюк: Би Squid Game-ээр дамжуулж үзүүлэх гэсэн бүхнээ үзүүлсэн. Гэхдээ энэ түүхийг бас арай өөр хэв маягаар харуулах талаар бодоогүй биш бодсон. Завины ахмадын гэрт Ddakji Man, Front Man-ы гэрэл зургууд байсан даа. Тэдгээр зургуудыг хэзээ хаана авахуулсан, тэд хоорондоо ямар харилцаатай байсан бэ зэрэг нь сонирхол татаж байна л даа. Үүнтэй холбоотой зохиол бичвэл зугаатай л байх байх. Үзэгчид ч дуртай хүлээж авах байх. Гэхдээ төлөвлөсөн юм алга.
-А: Хүүхдүүд том болоод Squid Game-д нэгдэнэ гэсэн онолын тухайд?
-Хван Дон Хюк: Тэгж холыг харсангүй ээ.
-А: 2 ба 3-р бүлгийг бүтээх явцад цаашид ингэж явж чадахгүй нь гэсэн бодол орж ирж байв уу?
-Хван Дон Хюк: Миний хувьд маш урт аялал байлаа. Зураг авалт явагдаж байх үеэр ч би зохиолоо бичсээр байсан. Маш олон дүрүүдтэй маш том түүх учраас зохиолын эцсийн хувилбарт ч зарим нэг алдаа дутагдлууд харагдаж эхэлсэн. Дээр нь би жүжигчдээсээ маш их урам зориг, үлгэр жишээ авч байсан учраас дүрүүдээ дахин дахин өөрчлөн бичсэн. Үнэхээр ядарсан. Сүүл рүүгээ бүр ч их ядарсан.
-А: Аль дүр хамгийн их өөрчлөгдсөн бэ?
-Хван Дон Хюк: Тоглогч 125, 124 хоёр буюу Мин Сү, Нам Гю хоёрын харилцаанд эхэндээ нэг их ач холбогдол өгөөгүй байсан юм. Би тэдгээр дүрүүдийг зүгээр л Таносын баг 1, 2, 3 гэж нэрлэсэн байсан, дараа нь жүжигчдээ сонгосны дараа бүх зүйл өөрчлөгдсөн.
-А: Таныг гайхшруулсан зүйл юу байв?
-Хван Дон Хюк: 1-р бүлэг гарсны дараа Солонгост цувралыг маань нээх таатай хүлээж аваагүй. Тийм муу болсон юм байх даа гэж өөрөөсөө асууж байлаа. Гэтэл олон улсын үзэгчдийн сэтгэгдлүүд хөвөрч эхэлсэн, рейтинг нь ч нэмэгдсэн. Америкаас холбогдож, дотоодын үзэгчдийн сэтгэгдэл ч нааштай болж ирсэн. Үзэлтээрээ дэлхийд 1-т бичигдсэн. Тэр долоо хоногт сэтгэл санаа галзуу хулганын зам шиг л нэг доошилж, нэг дээшилж байв. Хацраа хүртэл чимхэж үзсэн. Хэдхэн өдрийн дотор бүх юм огцом өөрчлөгдсөн.
-А: Та одоо Солонгосын амжилттай яваа найруулагчаар тодроод байна. Squid Game таны хувьд ямар байр суурь эзэлж байна?
-Хван Дон Хюк: Олон юмыг эргэцүүлж бодоход хүргэсэн. Ги Хүний дүрийг бодож байхдаа дараа нь ямар уран бүтээл хийх вэ, яаж амьдрах вэ гэж бодсон. Шоуны алдар нэр миний эгог нэмэгдүүлэхийн зэрэгцээ намайг даруу төлөв болгосон. Энэ төсөл миний хувьд маш чухал ач холбогдолтой юм.
Хван Дон Хюк: надад уран сайхны киноны найруулагчаар ажиллах олон санал ирж байгаа
-А: Танд маш олон саналууд ирж байгаа байх. Уран сайхны кино хийх хүсэлтэйгээ та дурдаж байсан даа?
-Хван Дон Хюк: Надад олон саналууд ирсэн. Уг нь би 62 кг жинтэй хүн юм байгаа юм. Одоо тэгсэн 59 кг болчихсон. Яг одоо бол би бие сэтгэлээ амраамаар байна. Ирээдүйн талаар одоохондоо бодож үзээгүй байна. Амрах тухай л бодож байна. Хэвийн амьдралын хэв маягтаа ормоор байна. Уран сайхны кино хийх хүсэл алга, театр ч бас нээх сайнгүй санагдаж байна. Хүний мөнгийг авчихаад амжилт амлаж чадах болов уу даа. Тэд итгэж найдаад л хөрөнгө оруулна шүү дээ. Зарим нь над дээр Найруулагч аа, биднийг авраач гэж ирж байна. Гэтэл би бүтэлгүйтчихвэл яах вэ? Хүмүүс Хван Дон Хюк найруулагч хүртэл үүнийг нь амжилтад хүргэж чадсангүй шүү дээ гэж ярина. Зүгээр л өнгөрснөө эргэцүүлэх цаг зав гаргаж, амарч, дараагийн уран бүтээлээ бодъё гэж бодож байна.
-А: Шүтэн бишрэгчид тань биеийн жин, шүдэнд чинь их санаа зовж байна?
-Хван Дон Хюк: 1-р бүлгийн үеэр би 6 шүдээ унагасан. 2, 3-р бүлгийн үеэр дахиад 2 шүд минь унасан. Имплант ч хийлгэж амжаагүй явна. Ядрахаар буйл маань хавддаг. Өөрийн шүд бараг үлдсэнгүй шив дээ.
-А: Ги Хүний сүүлийн үг “Хүмүүс бол …” үргэлжлэл нь юу юм бол?
-Хван Дон Хюк: Хүмүүс шуналтай, амиа бодсон, хортой, хэрцгий гэхдээ заримдаа тэд өрөвдөн нигүүлсэх, энэрэх агуу их сэтгэл гаргадаг. Хүмүүсийг таахын аргагүй. Үүнийг би асуулт хэвээр нь үлдээхийг хүссэн. Амаараа хэлэхийн оронд хүн байх нь ямар утга учиртайг харуулахыг хүссэн, илүү алдартай нь гэсэн үг биш. Жишээ нь тоглогч 388-ын дүрд тоглосон Кан Ха Ныл 333-ын дүрд тоглосон Им Си Ванаас түрүүлж амиа алддаг. Тэглээ гээд Им Си Ван Кан Ханылаас илүү алдартай гэсэн үг биш. Би дүрүүд хэзээ амиа алдаж байгаад бус хэрхэн амиа алдаж байгаад анхаарсан.
Ярилцсанд баярлалаа.