
М.Энхцэцэг: Эрчим хүчний салбар “Төр давамгайлсан бүтэлгүй систем”-ээ өөрчлөх үйлдэл хийхгүй 25 жил гараа хумхиад суучихсан
УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрх зүйн шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.
-Шинэ 126 гишүүнтэй анхны парламент хоёр чуулганы ард гарч байна. Энэ хугацаанд таны хийсэн онцлох чухал ажил юу байв?
-Энэ удаагийн 126 гишүүнтэй анхны УИХ хууль, эрх зүйн орчныг цаг үетэй нийцсэн, хүний эрхийг дээдэлсэн, иж бүрэн зохицуулалттай болгож шинэчлэх том зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын даргын санаачилгаар 2024 оны 9 дүгээр сард 60-аад ажлын хэсэг байгуулсан. Үүний нэг бол Эрчим хүчний тухай, Сэргээгдэх Эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиудыг УИХ-аас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил” зорилтод нийцүүлэн шинэчлэх ажлыг хэсэг юм. Энэ ажлын хэсгийг миний бие ахлан хуулийн үр дагаврын үнэлгээ, тандан судалгааг хийх, дулаан, цахилгаан хангамжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах, олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах гээд олон ажлуудыг хийн ажиллаж байна. Эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар хоёр удаагийн ээлжит чуулган дамнан ажиллаж буй нь миний, манай ажлын хэсгийн онцлох чухал ажлуудын нэг байлаа.
-Эрчим хүчний тухай хуулийг шинэчлэх нь өнөөдөр тулгамдсан гол асуудал болж байна. Шинэчлэлийн энэхүү ажлыг юунаас эхлүүлж байгаа вэ?
-Мэдээж өмнө нь хэлсэнчлэн хууль, эрх зүйн орчны шинэчлэл. Эрчим хүч, цахилгааны асуудал бол бидний өдөр тутмын амьдралын амин чухал зүйл. Тог, цахилгаангүй бол амьдрал хэрхэх билээ, үнэ ханш нь нэмэгдвэл амьдрал ахуйд хэрхэн нөлөөлөх билээ гээд бодвол энэ бол маш нухацтай, хянуур судалж, шинэчлэх ёстой салбар. Тиймээс Эрчим хүчний тухай хуулийг цаг үетэй нийцүүлж, иж бүрэн зохицуулалттай, хүний эрхийг дээдэлдэг болгон шинэчлэх шаардлагатай байна. Энэ хууль 2001 онд батлагдсан, 15 удаагийн жижиг хэмжээний өөрчлөлт хийгдсэн, дулаан, цахилгаан гэсэн хоёр том салбарын оролцогч талуудын харилцааг зохицуулдаг, 6 бүлэгтэй, 18 хуудастай, маш ерөнхий, товч хууль юм. Хууль нь ийм товч, ерөнхий болохоор бодит амьдрал дээр 800 гаруй журам бий болсон байна. Энэ журмуудын зарим нь хүний эрхэд халдсан, хүний эрхийг хязгаарласан, иргэд, аж ахуйн нэгжээс татвар, хураамж, төлбөр авах, хуулийн заалттай давхардсан, хуулийн заалттай зөрчилдсөн зохицуулалттай байна. Энэ нь эрчим хүчний салбар хууль эрх зүй, зохицуулалтын хувьд ямар тогтворгүй салбар болохыг харуулж байна. Зохицуулалтын хувьд тогтворгүй болохоор хөрөнгө оруулалт татаж чадахгүй, оролцогч талууд хүндрэл бэрхшээлтэй байнга тулгардаг, хариуцлага, ил тод байдал алдагддаг гээд олон асуудал үүссэн нь салбарын өнөөгийн нөхцөл байдлын нэг шалтгаан байж болох юм.
-Бусад орны эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчин ер нь хэр зэрэг байдаг вэ. Та бүхэн хэчнээн орны эрчим хүчний салбарыг энэ хугацаанд судалж үзэв?
-УИХ дээр байгуулагдсан хуулийн ажлын хэсэг манайхтай ижил төстэй, хүйтэн уур амьсгалтай, хэрэглэгчээ дулаан, цахилгаанаар хангадаг Эстони, Дани, Унгар, Герман, Казакстан улсуудаас гадна Шинэ Зеланд, Япон, Австрали зэрэг найман улсын Эрчим хүчний салбарын хууль, зах зээл, загвар, эрчим хүчний компаниудын бүтэц, тогтолцоо, уялдаа холбоог сайн судлахыг зорин ажиллалаа. Манайхтай ижил төстэй эдгээр улсууд нь дулаан, цахилгааны бие даасан иж бүрэн хуультай, Дулааны хууль нь 5-10 бүлэгтэй, 50-60 хуудастай, цахилгааны хууль нь 10-20 бүлэгтэй, 100-200 хуудастай байна. Энэ бүх хуулийг заалт нэг бүрээр нь ойлгож, уншиж судлах нь маш хэцүү, цаг хугацаа шаардсан ажил байсан. Гэхдээ бид ард нь гарч, маш их зүйлийг ойлгож, яагаад энэ улс орнууд амжилттай яваад байгаагийн үндсэн шалтгааныг олсон гэж бодож байна. Эдгээр улс дулаан, цахилгаан хангамжийн салбарын оролцогч талуудын харилцаагаа журмаар биш аль болох хуулиар зохицуулахыг зорьдог юм байна. Хуулийн ийм тогтвортой зохицуулалттай байгаа нь магадгүй энэ улсуудын эрчим хүчний салбарын амжилттай ажиллаад байгаагийн нэг үндэслэл байж болох юм.
-Хуулиар энэ том салбарыг зохицуулж, иргэн, аж ахуйн нэгж, цаашлаад улс орондоо өгөөжтэй байдлаар өөрчлөх нь зайлшгүй. Харин эрчим хүчний салбарт зохицуулагдаагүй харилцаанууд хэр зэрэг байдаг вэ?
-Ер нь хоёроос дээш хуулийн этгээд, субъект байгаа л бол тэдний хоорондох харилцааны хэм хэмжээ нь хууль, журам, дүрмээр зохицуулагдсан байх ёстой. Эрчим хүчний салбар, ялангуяа дулаан хангамжийн салбарт зохицуулагдаагүй харилцаа маш их байна гэж бид дүгнэсэн. Одоогийн Эрчим хүчний тухай хууль нь Дулаан, Цахилгаан хангамжийн салбарын хоёулынх нь зохицуулалтыг хийдэг, гэхдээ цахилгаан талдаа илүү төвлөрч, дулаан хангамжийн салбарын зохицуулалт хаягдсан байна гэдгийг бид ч дүгнэсэн, салбарынхан ч олон удаа хэлээд байна. Жишээ нь сум, аймгийн төвүүдэд ажиллаж байгаа уурын зуух бол дулаан үйлдвэрлэгч буюу нэг оролцогч тал, түүнтэй харилцаж байгаа хэрэглэгч, орон нутгийн удирдлага нөгөө оролцогч талууд. Гэтэл өнөөдөр энэ гурван субъектийн харилцааны хэм хэмжээ, хуулиар ч, журмаар ч зохицуулагдаагүй өнөөг хүрсэн байх жишээтэй.
-Та бүхний боловсруулж буй “Дулаан хангамжийн тухай” анхдагч хуулийн төслийн ажлын явцаас сонирхуулбал?
-Монгол Улсын эрчим хүчний салбарын хууль эрх орчны өнөөгийн байдал, бусад улсын туршлагыг судалсны үндсэн дээр бид Эрчим хүчний тухай хуулийг “Дулаан хангамжийн тухай” болон “Цахилгаан хангамжийн тухай” хууль гэсэн бие даасан хоёр анхдагч хууль болгож, шинэчлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Иймд бид “Дулааны хангамжийн тухай” 15 бүлэгтэй, 60-аад хуудастай анхдагч хуулийн төслийг боловсруулаад, хуулийн үндсэн концепц, агуулгыг танилцуулах, санал авах 8 удаагийн хэлэлцүүлгийг салбарын оролцогч талуудын дунд хийж, хуулийн төслөө 150 гаруй байгууллагуудад албан бичгээр хүргэж, хуулийг төслийг сайжруулах саналыг авч, хууль боловсруулалтад оролцох оролцоог ханган ажиллаж байна. Оролцогч талуудаас ирсэн саналуудын маш сайн судалж, хуулийг сайжруулах чиглэлд ашиглана. Энэ арга барилаар хэд хэдэн удаагийн эргэлт хийж, энэ хуулийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх оролцогч талуудын оролцоог өндөр түвшинд хангаж ажиллах нь чухал гэж үзсэн. Ингэж хуулийг боловсруулахад олон хүн оролцсоноор амьд хууль болж, амьдралд бодитоор хэрэгжиж, дулааны салбар хууль эрх зүй, зохицуулалтын хувьд тогтвортой болсноор салбар хөгжих үндэс бүрдэнэ гэж үзэж байгаа.

-“Цахилгаан хангамжийн тухай” анхдагч хуулийг бий болгох нь цахилгааны өрсөлдөөнт зэх зээл рүү үе шаттайгаар шилжих эхний алхам гэж үзэх үү?
-Тийм ээ. Бид “Цахилгааны өрсөлдөөнт зах зээл”-ийг бий болгохын төлөө явах зайлшгүй шаардлагатай. Яагаад ийшээ явах ёстой гэдгийг маш олон зүйлээр тайлбарлаж болно. Гэхдээ цөөн хэдэн үндэслэлийг тодорхойлъё.
Бид өнөөдөр цахилгааны тарифыг одоо байгаа станцуудын бодит өртөг зардал, шинэ эх үүсвэрийн хувьд хөрөнгө оруулалтын хэмжээн дээр үндэслэж баталдаг. Гэтэл энэ өртөг зардал, анхдагч хөрөнгө оруулалтыг бодит руу нь дөхүүлдэг, багасгадаг дэлхийд танигдсан, батлагдсан ганц шалгарсан арга нь “өрсөлдүүлэх” юм.
Мөн манайх “үйлдвэрлэгч”, “хэрэглэгч” хоёрын дунд “төр” лаглайгаад суучихсан, энэ хоёрын өмнөөс бүх зүйлийг зохицуулах гээд хөлсөө дуслуулаад зүтгэдэг “Төр давамгайлсан зах зээлийн загвар”-ыг олон жил ашиглаад бүтэлгүйтсэн, бүтэлгүйтээд байгаагаа ойлгохгүй, засахыг оролдоогүй олон жил явчихсан улс юм. Энэ “Төр давамгайлсан зэх зээлийн загвар” нь оновчгүй, авлига, хээл хахууль, хүнд суртлыг дэмждэг, хэрэглэгч, үйлдвэрлэгчийн эрх ашгийг хангадаггүй, орлого, ашиг, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хангах тухай ярих ч боломжгүй систем болохыг дэлхий дахинд нотолчихсон зүйл юм. Жишээ нь, манай цахилгааны хэрэглээ одоогоор 1800 МВт орчим байна. Гэтэл хэрэглэгч талдаа бид 2000 МВт-ыг хангах боломжгүй, танд цахилгаан зарахгүй гэсэн хариуг өгөөд сууж байна. Энэ нь маш их хэмжээний орлого олох боломжийг алдахаас гадна үйлдвэрээ, орон сууцаа барья гэсэн хэрэглэгчийн бизнесээ хийх боломжийг хааж, улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг боомилчоод сууж байгаа дүр төрх юм. Энэ нь юун орлого олох, юун ачаа нэмэх, цааш явахад улам хүнд болоод байна шүү гээд хуучирч муудсан машиныг мөрлөөд түлхэж байгаатай адил дүр зураг юм. Энэ байдлаас гарах ганц арга нь бид үе шаттайгаар “Цахилгааны өрсөлдөөнт зах зээл”-рүү шилжих явдал юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёрын дундаас төр зайлж өгч, энэ хоёр уулзах боломжийг бий болгох нь чухал юм. Үйлдвэрлэгчид нь хэрэглэгчдэд цахилгаанаа зарахын төлөө өрсөлддөг, түүний үр дүнд өртөг, зардал, хөрөнгө оруулалт, үнэ тариф боломжит доод хэмжээнд хүрдэг, үйлчилгээний чанар сайжирдаг, өрсөлдөөнд тэсэж үлдэхийн тулд өөрөө өөрийнхөө үйл ажиллагаа, бүтээмжийг, засаглалыг сайжруулаад явдаг систем юм. Төр зөвхөн дурын үйлдвэрлэгч, хэрэглэгчийг хүссэн цагт нь холбох дамжуулах, түгээх сүлжээгээ бэлэн байлгах, зах зээлийг зохицуулах хууль, дүрэм журмаа боловсруулах, сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавих л үүрэгтэй. Энэ нь нэг ёсондоо машин өөрөө явдаг, төр зөвхөн энэ замаар, ийм хурдтай яваарай, ингэж яваарай гэдгийг зааж өгөөд, хянаад зогсож байдаг систем юм.
Мөн бид одоо тогтмол тарифаар, урт хугацаанд цахилгаан худалдаж авах гэрээг хөрөнгө оруулагч нартай их хийж байна. Хэрэглээгээ өсгөөгүй тохиолдолд энэ нь маш их эрсдэлтэй. Бид ийм гэрээ хийхээ зогсоох ёстой. Хэрэв үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын дунд төр лаглайж суусан хэвээрээ, хэрэглэгчийг цахилгаанаар хангахгүй (одоо 2000 МВт) гээд хэлээд суугаад байх юм бол хэрэглээ өсөхгүй, бид дээрх гэрээгээ биелүүлэх боломжгүй болж, улс өрөнд орж дуусна. Иймд үйлдвэрлэгчид өөрсдөө хэрэглэгчтэй шууд уулзаж, хэрэглээг өсгөдөг өрсөлдөөнт зах зээлийн систем рүү шилжих нь л чухал юм.
Мөн бид говийн бүс нутагтаа нар, салхины том эх үүсвэр бариад Хятад Улс руу цахилгаан экспортолно гэж олон жил яриад л байгаа. Гэтэл одоогийн “Төр давамгайлсан зах зээл”-ийн систем нь экспортыг дэмждэггүй систем юм. Бие даасан өрсөлдөөнт зах зээлийн системд шилжиж байж л хөрөнгө оруулагчид тэр том эх үүсвэрүүдээ бариад, Хятадын зах зээлээс хэрэглэгчээ өөрсдөө олоод, үнэ тарифаа тохироод экспорт хийдэг. Төр зөвхөн дамжуулах сүлжээгээ бэлдээд, хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд, татвараа аваад, хянаад суух л үүрэгтэй.
Мөн одоо манай хэрэглэж байгаа системд жишээ нь үйлдвэрлэл, хэрэглээний захиалгын хувьд ямар ч хариуцлага байхгүй. Жишээ нь, нэг 50 МВт-ын хэрэглэгч бөөн юм болж байгаад сүлжээнд холбогдох техникийн нөхцөл авлаа гэж бодъё. Тэр хэрэглэгчийг хангахын тулд улс бөөн юм болж байж нэг эх үүсвэр барилаа гэж бодъё. Эргээд харсан чинь нөгөө 50 МВт-ын хэрэглэгч “Уучлаарай, цахилгаан авахаа больсон” гэх жишээний. Тэгвэл өрсөлдөөнт зах зээлийн үед энэ хэрэглэгч 50 МВт-ыг авна гэж захиалсан л бол авах ёстой. Авсан цахилгаанаа хэрэв өөрөө үйлдвэрээ барьж чадаагүй бол бусдад зарах бүрэн эрхтэй болно гэсэн үг. Эх үүсвэрийн хувьд жишээ нь нэг нарны станц маргааш 12 цагт 30 МВт үйлдвэрлэнэ гэж амлалт өгсөн гэж бодъё. Гэтэл маргааш нь “Уучлаарай, нар гарсангүй” гээд 25 МВт-ыг үйлдвэрлээд, амласан 5 МВт-аа систем рүү өгөхгүй байхад одоогийн системд ямар ч хариуцлага байхгүй. Гэтэл өрсөлдөөнт зэх зээлийн үед та үйлдвэрлэж чадаагүй цахилгаанаа өндөр үнэтэй “Балансын зах зээл”-ээс худалдаж аваад, амласан үнээрээ систем рүү өгөх үүрэгтэй. Гэх мэтчилэн захиалгын хариуцлага маш өндөр түвшинд очдог.
-Та бүхний судалсан улс орнуудад энэ аргачлал ямар замаар хэрхэн хөгжсөн байдаг юм бол?
-Маш олон улс орон алдаж, онон, унан тусан 5-10 жилээ зарцуулан байж “Төр давамгайлсан бүтэлгүй систем”-ээс “Өрсөлдөөнд суурилсан бүтэлтэй систем” рүү шилжээд байна. Япон, Солонгос, Герман, Эстони, Унгар, Шинэ Зеланд, Австрали гээд олон улс, мөн манай хөрш Орос, Хятад улс хүртэл үйлдвэрлэгч, хэрэглэгч талаа өрсөлдөөнт зах зээлийг бий болгоод байна. Орос улс гэхэд 2003 онд эхэлж, 2008 онд 100% өрсөлдөөнт зэх зээлтэй болсон бол Япон улс 2000 онд 26%, 2004 онд 40%, 2005 онд 62%, 2016 онд 100% өрсөлдөөнт зах зээлтэй болсон. Өрсөлдөөнт зах зээл рүү шилжих шилжилт нь нэг жилийн дотор хийчихдэг амархан ажил биш юм. Үе шаттайгаар, бэлтгэл ажлыг маш сайн хангаж байж хийдэг. Ингэж өрсөлдөөнт зах зээл рүү шилжих хамгийн эхний алхам бол хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал юм. Хуультай болж байж бэлтгэл ажлуудыг хийх боломж бүрдэж, үе шаттайгаар өрсөлдөөнт зах зээл рүү шилжих ажил хийгдэнэ. Оролцогч талуудын өрсөлдөөнт зах зээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, өрсөлдөөнт зах зээлд оролцож сургах, зэх зээлийн оператор шинээр бий болгох, түгээх компаниудаас борлуулалтыг салгаж, цахилгааны жижиглэн худалдааны компаниудыг төрүүлэх, зээл зээлийн дүрмээ боловсруулах, үйлдвэрлэгч, хэрэглэгчийн захиалга хийх техникийн боломжийг бүрдүүлэх гээд асар олон ажлуудыг хийж байж л энэ дэвшил рүү явна.
-Ингээд яриад суувал маш сонирхолтой сэдэв юм. Яагаад бид цахилгааны зах зээлийн оновчгүй тогтолцоогоо солих, шинэчлэх ажил хийгээгүй өдий хүрчихсэн юм бол?
-1990-2000 оны үед маш олон улс эрчим хүчний системийн төр давамгайлсан, төвлөрсөн, босоо бүтэц, тогтолцооны гүйцэтгэл тааруу байна гэж үзсэн учраас Эрчим хүчний реформыг эхлүүлсэн. Манай улс 2001 онд “Эрчим хүчний тухай” хуулийг анх батлаад “Босоо” буюу төвлөрсөн бүтэцтэй байсан системээ задлаад “Хэвтээ” буюу үйлдвэрлэх, дамжуулах, түгээх гээд олон компаниудыг бий болгож, реформын эхний алхмыг хэрэгжүүлсэн. Харамсалтай нь бид реформоо тасралтгүй, тууштай, системтэйгээр хэрэгжүүлээгүй, явц дундын шинжилгээ хийж, сайжруулаагүй, хэлбэрийн хувьд зарим элементүүдийг хэрэгжүүлээд гацсан, салбарын үйл ажиллагаанд улс төрийн нөлөө их, төрийн өмч давамгайлсан менежментийн тогтолцоог хэвээр хадгалж үлдсэн. Өөрөөр хэлбэл төрийн оролцоог багасгах, компаниудыг бие даалгах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнт зах зээлийг бий болгох гэсэн эцсийн зорилго руугаа чиглэсэн нэг ч алхам хийгээгүй, өдий хүрсэн. Өө бид бага хэрэглээтэй, монополь үйлдвэртэй, чадлын дутагдалтай, маш олон тогтмол үнээр урт хугацаанд цахилгаан худалдаж авах гэрээнүүдтэй, өрсөлдөөн үүсэх ямар ч боломжгүй гэсэн хэдхэн шалтгаан хэлээд л 25 жил “Төр давамгайлсан бүтэлгүй систем”-ээ өөрчлөх үйлдэл хийхгүй, гараа хумхиад суучихсан гэсэн үг юм. Гэтэл бусад улс орон яг манайхтай адилхан чадлын дутагдалтай, монополь үйлдвэртэй, маш олон гэрээнүүдтэй байсан боловч хамтдаа энэ байдлаасаа гарах аргуудыг олон жилийн турш хэрэгжүүлсээр, алдаж, онож, унаж тусаж явсаар байгаад 5-10 жилээ зарцуулан байж “Өрсөлдөөнд суурилсан бүтэлтэй систем”-рүү шилжчихээд, төр нуруун дээрх ачаагаа багасгаад, мөрлөж түлхэж явуулдаг биш өөрөө явдаг машин бүтээчхээд, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжих боломжоор хангаад сууж байна.
-Таны ярьсанчлан өрсөлдөөнт зэх зээл рүү шилжихийн тулд төрийн өмчит эх үүсвэрүүд, түгээх сүлжээг хувьчлах ёстой юу?. Ийм тогтолцоо руу шилжихэд бид бэлэн үү?
-Олон хүмүүс өрсөлдөөнт зах зээл рүү шилжихийн тулд үйлдвэрлэх, түгээх компаниудыг хувьчлах ёстой гэсэн буруу ойлголттой байдаг. Өрсөлдөөнд оролцох үйлдвэрүүд төрийн, хувийн, төр-хувь хамтарсан гээд ямар ч төрлийнх байж болно. Гол нь зах зээлээ өрсөлдөөнтэй чөлөөтэй болгоод өгөхөөр маш олон хувийн эх үүсвэрүүд бий болох нөхцөл бүрддэг. Мөн төрийн өмчтэй үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг сайжруулахын тулд 51 хувийг төрд үлдээгээд, 49 хувийг нь хувьчлах, олон нийтэд хувьцааг нь нээлттэй болгох аргыг л олон улс орон өргөн хэрэглэсэн байдаг. Өрсөлдөөнт зах зээлтэй болохын тулд түгээх сүлжээг заавал хувьчлах ёстой гэж үзэж болохгүй. Төр эрчим хүчний системийнхээ үндсэн судас буюу дамжуулах, түгээх сүлжээгээ бэлэн байлгах ажлыг хариуцах үүрэгтэй. Мэдээж хувийн хөрөнгө оруулалттай түгээх сүлжээ байж болно. Харин түгээх сүлжээнээс борлуулалтыг салгаад хувийн жижиглэн худалдааны буюу борлуулалтын компаниудыг олноор бий болж, өрсөлдөөнт зах зээлд оролцоод явдаг гэсэн үг. Ерөнхийдөө үйлдвэрлэх, борлуулах талд хувийн компаниуд олноор төрж, өрсөлдөөн бий болно гэсэн үг юм. Системийн хэрэглээ ч өснө, орлого ч нэмэгдэнэ, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг боомилохоо болино, хариуцлага ч сайжирна гээд олон давуу тал бий болно.
-Нэгэнт эрчим хүчний салбарын талаар хөндөн ярилцаж байгаа болохоор ДЦС-3-ын осолтой холбоотой асуудлыг асууя. Энэ ослоос үүдэн ирэх өвөл Улаанбаатар хотын дулаан, цахилгаан хангамжийн асуудал хүндэрнэ гэж өнөөдөр ярьж хэлж байна. Өвлийг давахын тулд бид юу хийх ёстой вэ?
-2025 оны 6 дугаар сарын 2-нд ДЦС-3 дээр 50 МВт-ын эх үүсвэр шатаж, нэг инженер амь насаа алдсан харамсалтай осол гарсан. Ослын шалтгааныг тодорхойлох ажлын хэсэг гарсан, дүгнэлт эцэслэж гараагүй байна. Ослын үндсэн шалтгааныг тодорхойлж, цаашид ийм төрлийн осол аваар гаргахгүй байх техник, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Эрчим хүчний салбарын хувьд 2025-2026 оны өвлийн дулаан, цахилгааны хүндрэлийг даван туулах бүх л боломжтой арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эрчим хүчний салбар өнгөрсөн бүх л он жилүүдэд болгоно, бүтээнэ, аргална гэж бүх л нөөц, боломжоо шавхаж ажилласаар ирсэн. 50 МВт-ын турбин, генераторыг үйлдвэрлэх захиалгыг улс өөрөө хөрөнгөө гаргаад 2025 оны 7 дугаар сард багтааж хийсэн тохиолдолд магадгүй энэ эх үүсвэр 2026 онд ашиглалтад орох байх. Тендерийн тухай хуулийн 3.3.1-т “Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг худалдан авахад тендергүй худалдан авч болно” гэж заасан байдаг. Энэ заалтыг ашиглаад тоног төхөөрөмжийг улс шууд худалдан авбал цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэнэ. Тэрнээс биш зээл, тусламж, тендер гээд явбал бүтэхгүй 3-4 жил болно. ДЦС-3 дээр үүссэн асуудалтай холбоотой Хятадаас эрчим хүч авах тухай яригдаж байна. Эрчим хүчний системээ Хятадын эрчим хүчний системтэй холбож хараат байдлаа нэмэгдүүлэх ёсгүй. Тэрний оронд дотооддоо эх үүсвэр барихад хөрөнгөө зарцуулах ёстой. Дотооддоо богино хугацаанд, бага хөрөнгө оруулалтаар, хямд тарифаар барих боломжтой эх үүсвэр бол Нар-Батарейн станц юм. 20 МВт-ын Нар, 60 МВт.цаг-ын батарейг хэрэв улс газрыг гаргах, 110 кВ-ын дэд станц барихгүй байх, татвараас чөлөөлөх зэргээр улс боломжтой бүх дэмжлэгийг үзүүлсэн тохиолдолд 4-5 сарын дотор 15-16 сая ам.долларын хувийн хөрөнгө оруулалтаар 5-6 цент/кВт.цаг буюу бага тарифаар барих бүрэн боломжтой байна. Ийм төрлийн Нар-Батарейг таван аймгийн төв дээр барихад л хөрөнгө, мөнгөө зарцуулах нь зөв юм. ДЦС-3-ын дулааны үйлдвэрлэлт буурах тул ДЦС-4-ийн дулааны үйлдвэрлэлтийг нэмж, цахилгааны үйлдвэрлэлтийг багасгаж таарна. Иймд ДЦС-4-ийн цахилгааны үйлдвэрлэлтийн бууралтыг нөхөхийн тулд таван аймгийн төв дээр нийтдээ 100 МВт-ын Нар, 300 МВт.цаг-ын батарейг л 4-5 сарын дотор хувийн хэвшлээр бариулчихвал, таван аймгийн цахилгаан хангамж давхар найдваржина.
-Та “Эрчист Монгол” компанийг байгуулж, эрчим хүчний компаниудыг төвлөрүүлж удирдахыг хүчтэй эсэргүүцсэн ганц хүн байх. Яагаад буруу гэж үзэж байгаа вэ?
-Өмнөх Засгийн газар “Эрчист Монгол” гэдэг компанийг байгуулаад эрчим хүчний бүх компаниудыг төвлөрүүлэн удирдах маш буруу, хариуцлагагүй шийдвэрийг гаргасан. Сая ДЦС-3 дээр осол гарахад хариуцлага хүлээх эзэн олдохгүй байна. Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд 1-2 компанийн ТУЗ-д орж, нэмэлт цалин авдаг, үндсэн ажлаа хийдэггүй, компаниудын захиргаа удирдлага, хүний нөөц, хууль, хангамж, гадаад харилцаа данхайж томорсон, энэ бүгдийг л “Эрчист Монгол” дээр авчирч, нэгдсэн байдлаар удирдаж төвлөрүүлэх нь л оновчтой, ЭХЯ ажлаа сайн хийхгүй байгаа учраас “Эрчист Монгол” урдуур нь ороод хийгээд өгье гээд байгаа. Энэ нь ямар буруу шийдвэр байсан нь бодит амьдрал дээр 50 МВт-ын эх үүсвэр байхгүй болж, эрдэнэт хүн амь насаа алдаж нотлогдоод байхад дахиад л “Эрчист Монгол”-ыг хэвээр үлдээх тухай ярихаар бүр хэлэх үг олдохгүй юм. Үүний ард ямар нэгэн эрх ашиг байна гэж хардаж байгаа. Гэтэл “Эрчист Монгол”-ыг байгуулах гол үндэслэл гэж яриад байгаа зүйл нь үе үеийн улстөрчдийн хийсэн засаж болох балаг. Эрчим хүчний салбар бол нарийн мэргэжлийн инженерүүд ажилладаг онцлог салбар юм. Гэтэл сүүлийн жилүүдэд үе үеийн улстөрчид мэргэжлийн бус хүмүүс шахдаг. Тэр мэргэжлийн бус хүмүүс хаана ажилладаг вэ гэхээр нөгөө Эрчист Монголыг байгуулах ГОЛ үндэслэл болоод байгаа Захиргаа удирдлага, хүний нөөц, хууль, хангамж, санхүү, гадаад харилцааны хэлтэст ажилладаг. Гэтэл улстөрчид өөрсдөө энэ салбарыг данхайлгачхаад одоо тэрийгээ засахын тулд “Эрчист Монгол”-ыг байгуулж болохгүй. Одоо орон тоогоо хас гэхээр нөгөө үе үеийн улстөрчдийн шахааны хүмүүсийг халж чадахгүй, хөөрхий муу нөгөө инженер, техникийн ажиллагсад, монтёруудыг халах тухай яриад сууж байна. Энэ бол байж боломгүй асуудал. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт ажиллах хүсэлтэй инженер, техникийн ажилчид олдохоо больсон. Бага цалинтай, маш хүнд нөхцөлд ажилладаг. Олон хүн ажлаасаа гарч уул уурхай, гадаад руу явж байна гэж салбарынхан их ярьж байна. ДЦС-д ажилладаг хүмүүс маш өндөр хүчдэл, өндөр даралттай уур, ус, бохирдол, дуу чимээ ихтэй орчинд ажилладаг. Нэг нарийн мэргэжлийн инженерийг сургахад дор хаяж 5-10 жилийг зарцуулдаг. Нэг л зүйл маш ойлгомжтой шүү дээ. Яавал төрийн оролцоог багасгах вэ? Яавал төрийн өмчит компаниудыг бие даасан байдлыг дээшлүүлэх вэ? Яавал өөрөө өөрсдөө үйл ажиллагаагаа сайжруулдаг болгох вэ? Өөрсдийнхөө хийсэн үйлдэлд өөрөө хариуцлагаа хүлээгээд явдаг тогтолцоог бий болгох вэ? гэж бодохын оронд дахиад л нэг төрийн өмчит компанийг байгуулж, төрийн оролцоог нэмэгдүүлж, дарга компанийг бий болгож хариуцлагыг сулруулж, өртөг зардлыг нэмэгдүүлэх ямар хэрэгтэй юм вэ. Ингэж эрчим хүчний реформоосоо ухарч, өчнөөн хууль батлан байж “Босоо бүтэц”-ээ “Хэвтээ бүтэц” болгож, төвлөрлийг задалсан үйлдлээсээ буцсан эрчим хүчний систем дэлхийн аль ч улсад байхгүй. Магадгүй эрчим хүчнээс бусад төрийн өмчит компаниудын хувьд өөр байж болох юм. Эрчим хүчний системийн хувьд “Төр давамгайлсан бүтэлгүй босоо бүтэц-ээс “Өрсөлдөөнд суурилсан бие даасан хэвтээ бүтэц”-рүү явах нь оновчтой юм аа гэдэг нь аль хэдийн нотлогдож, батлагдсан, дэлхийн бүх л улсын эрчим хүчний систем энэ зүйл рүү алдаж, онож, унан тусан зүтгэж байхад бид буцаад төвлөрлийг ярьж байгааг үнэхээр ойлгохгүй байгаа. Эрчим хүчний салбар мэдээж тэр “Эрчист Монгол”-ыг байгуулах үндэслэл болоод байгаа асуудлуудыг маш яаралтай цэгцэлж янзлах, засах ажлыг хийх ёстой.
-Таны ахлан ажиллаж буй УИХ-ын ажлын хэсгийн боловсруулж байгаа Дулаан, Цахилгааны бие даасан хууль хэзээ өргөн баригдаж батлагдах бол?
-Бид одоогийн “Эрчим хүчний тухай хууль”-ийг дулаан, цахилгааны бие даасан хууль болгож, шинэчлэн сайжруулж байгаа учраас энэ хоёр хууль хамт өргөн баригдаж, батлагдах ёстой. Ирэх намрын чуулганаар өргөн барина гэж төлөвлөж байгаа. Энэ хуулиудыг боловсруулахад УИХ-ын ажлын хэсэгтэй Эрчим хүчний яам нягт хамтран ажиллаж боловсруулан, хуулиудыг Засгийн газраар өргөн бариулахаар төлөвлөн ажиллаж байна. Энд нэг зүйлийг онцгойлон хэлэхийг хүсэж байна. УИХ-ын дэвшүүлсэн хүн төвтэй, цаг үетэй нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд хуулийн бичвэр огцом өөрчлөгдөж байгаа гэдгийг бид ойлгох ёстой. Өмнө нь манай хуулийн бичвэр маш ерөнхий, товч, ойлгомжтой, цөөн хуудастай байсан бол одоо маш нарийн процессын зохицуулалттай, олон хуудастай болж өөрчлөгдөж байгаа. Иймд тухайн салбарынхан эдгээр хуулийг боловсруулахад өргөнөөр оролцох нь чухал байгаа. Улстөрчдийн хувьд цаашид процессын зохицуулалттай, уншихад хүнд хуулиуд орж ирнэ гэсэн хүлээлттэй байх ёстой. Бусад улсын эрчим хүчний салбар ийм процессын зохицуулалттай, олон бүлэг, хуудастай хуультай буюу ихэнх харилцаагаа журмаар биш хуулиар зохицуулдаг, тогтвортой зохицуулалттай байдаг байна. Тогтвортой зохицуулалттай салбарт л хөрөнгө оруулалт орно, хүндрэл бэрхшээл бага тулгарна, хүний эрх дээдлэгдэнэ.
Ярилцсанд баярлалаа.