
Дэлхийн оюутан тамирчдын “Бага олимп” буюу зуны Универсиад XXXIII наадам эхлэхэд 14 хоног үлдлээ
Монголын Оюутны спортын холбооноос бэлтгэл сургуулилтаа базааж буй шигшээ багийн тамирчдын цугларалт, явцтай ээлж дараалан танилцаж буй. Тэгвэл энэ удаад туялзуур сэлэмний төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх баг тамирчдын бэлтгэлтэй очиж танилцлаа.
Монгол Улсаас тулязуур сэлэмний тэмцээнд спортын дэд мастер У.Мөнх-Хасар, Г.Сумъяабалдан, М.Хүслэн нар оролцоно.

Ингээд Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар болон багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчидтай цөөн хором ярилцсанаа хүргэе.
Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар: Туялзуур сэлэм нь олимпын наадмын ууган төрлийн спортын нэг
-Туялзуур сэлэм бол ганцаарчилсан, өрсөлдөгчид хоорондоо зэвсэг ашиглан тулалддаг тулааны спорт юм. Энэ спорт нь анх хүйтэн зэвсгийн тулаан хэлбэрээр үүссэн ч, өнөө үед спортын хэлбэрт шилжиж, зэвсгээр тулалддаг халз тулааны спортын төрөлд хамаардаг. Мөн олимпын ууган төрлийн спортын нэг.
Монголын туялзуур сэлмийн холбоо 2009 онд байгуулагдсан. Токио 2020, Парис 2024 олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөж, Батсайханы Амарзаяа хоёр удаа хүрэл медаль хүртсэн. Мөн “Дуэль” клубын тамирчин Гандөл өсвөрийн ААШТ-ээс хүрэл медаль авч, өсвөр залуучуудын ангилалд амжилт үзүүлсэн.
Универсиад наадамд Монгол Улс энэ жил дөрөв дэх удаагаа оролцох гэж байна. Эрэгтэй сэлэмний төрөлд Мөнх-Хасар, Хүслэн, Сумьяабалдан нар оролцохоор бэлтгэлээ хийж байна. Олимпод оролцохын тулд заавал эрхээ авдаг. Манай тамирчид бэлтгэл сургуулилтаа хийгээд эрхээ авах бүрэн боломжтой.
Энэхүү тэмцээнүүдэд оролцож буй залуус, оюутнууд, хүүхдүүддээ шударгаар өрсөлдөж, туршлага хуримтлуулан, амжилт гаргахыг хүсэн ерөөе.


Оюутны шигшээ багийн тамирчин, спортын дэд мастер У.Мөнх-Хасар: Универсиад наадамд өөрийгөө хөгжүүлэн, чансаагаа дээшлүүлэхээр оролцоно
-Би “LT” клубын тамирчин, туялзуур сэлэмний спортоор хичээллээд 6 жил өнгөрсөн байна. Тайваньд байхад намайг энэ спортын төрлөөр хичээллэх үү гэж асуухад нь тэгье гэж хэлснээр анхлан хөл тавьсан. Дэлхийн оюутны Универсиад зуны спортын наадамд өөрийгөө хөгжүүлж, чансаагаа дээшлүүлэхийн тулд оролцож байгаа.


Оюутны шигшээ багийн тамирчин, спортын дэд мастер Г.Сумъяабалдан: Туялзуур сэлэмний спорт нь миний сонирхлыг соронз мэт татсан
-Би 2012 оноос спортод хичээллэж эхэлсэн. Өмнө нь олон төрлийн спортоор хичээллэж үзсэн ч үнэхээр сонирхолтой, таалагдах спорт олоогүй. Харин Багануур дүүрэгт багш Хатанзориг (Хатнаа) дээр анхны туялзуур сэлэмний хичээлдээ орсон юм. Заал руу нь ороход цагаан хувцастай хүүхдүүд хоорондоо тулалдаж байгаа нь өрсөлдөөнтэй, сонирхолтой харагдсан нь шууд л анхаарлыг минь татсан. Тэр үеэс л тууштай хичээллэж эхэлсэн дээ.
2024 оны Гранпри тэмцээнд шилдэг 20 тамирчны төлөө өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн. Өсвөр болон залуучуудын ангилалд алт, мөнгөн медальтай. Миний ард үргэлж бат зогсдог хүн бол ээж минь. Багаас минь эхлээд хүсэл сонирхлыг минь дэмжиж, зөв замаар хөгжихөд үргэлж тусалсан. “Тэгмээр байна, ингэмээр байна” гэхэд минь өөрөө шийд гэж итгэл хүлээлгэдэг, үргэлж зөв чигт хөтөлдөг. Миний амжилт бүрийн цаана ээжийн минь хайр, дэмжлэг байдаг. Ээждээ “Баярлалаа, хайртай шүү” гэж хэлмээр байна.


Оюутны шигшээ багийн тамирчин М.Хүслэн: Тулязуур сэлэм нь “Биеийн шатар” гэж нэрлэгддэг
Намайг Хүслэн гэдэг. Би “LT” клубын тамирчин, одоо 18 настай. Би туялзуур сэлмээр хичээллээд 3 жил болж байна. 2022 оны наймдугаар сарын 7-нд анхны бэлтгэлдээ орж байсан. Ар гэрийнхэн маань “Яв, үз, хичээ” гэж урам өгсөн нь надад маш их хүч болсон. Хэдэн жилийн өмнө энэ тэмцээн явагдаж байхад “гоё юм аа, би ч бас шалгарчих юм сан, чансаагаараа хүрдэг болчих юм сан” гэж боддог байсан. Тэгээд яг чансаагаараа шалгарч чадсандаа баяртай байна.
Туялзуур сэлэм бол ганцаарчилсан спортын дундаас хамгийн их оюун ухаан шаарддаг, “биеийн шатар” гэж нэрлэгддэг шүү дээ. Баруун болон зүүн тархийг зэрэг ажиллуулдаг, хурд, сэтгэн бодох чадвар шаардсан давуу талуудтай.
Туялзуур сэлэм нь гурван төрөлтэй ч манай улсад харьцангуй хөгжсөн төрөл нь хүнд сэлэм юм. Би хүнд сэлмийн төрөлд ганцаарчилсан болон багийн төрөлд оролцохоор бэлтгэж байна.
Энэ удаагийн тэмцээнд оролцож буй багуудын дунд дэлхийн шилдэг тамирчид, топ багууд бий. Тэдний тулааны бичлэгүүдийг YouTube-ээс үзэж, техник, арга барилыг нь судалж байгаа.
Бэлтгэлийн хувьд долоо хоногт нэг өдөр л амардаг. Үлдсэн зургаан өдөрт гурван өдөр нь нэг удаагийн бэлтгэлтэй, харин үлдсэн гурван өдөрт нь хоёр удаагийн давтамжтай бэлтгэл хийж байна.
Ярилцсанд баярлалаа.

