
Онтрэ гоулд ХХК-ийн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжлээ
Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал нарын 89 гишүүний өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжив. Оюутолгой төслийн санхүүжилтийн хүүгийн хувийг 2025 онд багтаан хянан үзэх хугацаа тохиож буйтай холбогдуулан “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл боловсруулжээ.
Тогтоолын төсөлд тусгай шалгалтын хүрээ хязгаарыг “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийхээр тусгасан байна. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхи, цөөнхийн төлөөллийг ханган ажиллах юм.