
21-р зууны шилдэг киногоор “Parasite” шалгарчээ
БНСУ-ын найруулагч Бон Жүн Хогийн “Parasite” триллер 21-р зууны шилдэг киногоор шалгарсан байна. Өнгөрсөн долоо хоногт Америкийн The New York Times сонин 21-р зууны шилдэг 100 киноны жагсаалтыг танилцуулжээ. Уг жагсаалтад багтсан кинонуудыг санал асуулгын дүнгээр тодруулсан ба тус санал асуулгад нэртэй кино найруулагчид, жүжигчид, продюссерууд болон кино сонирхогчдоос бүрдсэн 500 хүн оролцжээ.
Жагсаалтад 2000 оны 1-р сарын 1-нээс хойш гарсан шилдэг кинонууд багтжээ. Санал асуулгын дүнгээр 2020 онд Оскарын шагнал хүртсэн “Parasite” кино жагсаалтыг тэргүүлсэн байна. The New York Times сонины 21-р зууны шилдэг 100 киноны жагсаалтад найруулагч Бон Жүн Хогийн хоёр ч кино багтсанаас 2005 оны “Memories of Murder” кино жагсаалтын 99-д бичигджээ. Түүнчлэн БНСУ-ын найруулагчдаас Пак Чан Вүкийн 2005 оны “Oldboy” жагсаалтын 43-т, Солонгос-Америк гаралтай Селин Сонгийн “Past Lives” 86-д тус тус бичигдсэн байна.
Шунаг сэтгэл болон баян ядуугийн ялгааг харуулсан “Parasite” кино нь 11.4 сая ам.доллароор бүтсэн ба 2019 онд нээлтээ хийсэн даруйдаа дотооддоо 54 сая ам.доллар, олон улсад 209 сая ам.долларын ашиг олсон юм. Америкийн кино академийн шагналаас гадна тус кино Каннын кино наадмын шилдгээр, телевиз, киноны салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын Шилдэг гадаад кино, Британийн кино академийн BAFTA шагнал гардуулах ёслолын Гадаад хэл дээрх шилдэг киногоор тус тус шалгарч байсан юм.
Мөн Америкийн HBO суваг “Parasite” киноноос сэдэвлэсэн цуврал бүтээхээр ажиллаж буй аж.