
2025 оны зургаадугаар сарын 23-29-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “FIBA 3×3” сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн 40 орны шилдэг багууд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн энэ тэмцээнд Монгол Улс анх удаа эмэгтэй багийнхаа амжилтаар түүхэн шинэ хуудас тодоос тод нээлээ.

Монголын эмэгтэй баг ДАШТ-ий финалд шалгарсан анхны амжилт
Монголын эмэгтэй баг шилдгүүдийн эгнээнд шалгарч, тэр дундаа Ази тивиээс цойлон хожил байгуулсаар аваргын төлөөх тоглолтод Нидерландын багтай тоглон, мөнгөн медаль хүртсэн нь тус тэмцээний түүхэнд анх удаа тохиож буй бахархам амжилт басхүү үзүүлэлт байв. Финалын тоглолтод Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн охид ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлсэн хэдий ч Нидерландын баг 15-9 онооны харьцаатайгаар ялалт байгуулсан юм.
Гэсэн хэдий ч Монгол Улс FIBA-ийн албан ёсны тэмцээнд эмэгтэй багийн төрөлд медаль хүртсэн Азийн анхны улсын нэг болж, Дэлхийд нэрээ тамгалав.


Лидерүүдийг буулгаж авсан гайхалтай ялалтууд
Шигшээ багийн охид, Олимпийн аварга Герман, Дэлхийн аварга БНХАУ, Олимп, Дэлхийн аварга АНУ гээд хамгийн шилдэг багуудыг нь хожиж, хэний ч таамаглаагүй амжилтыг гаргав.
Монголын 3х3 эмэгтэй шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “D” хэсэгт Испани, Герман, Бразил, Украиний багуудтай багтсан. Энэ хэсгээс Испани дөрвөн хожилтойгоор шууд шөвгийн наймд шалгарсан бол Монгол, Германы багууд цааш хасагдах шатанд тоглох эрхийг авсан юм.


Б.Ариунцэцэг авсан оноогоор бүх эмэгтэй тоглогчдыг тэргүүлэв
Монгол Улсын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг ДАШТ-д найман удаа тоглохдоо 44 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн. Түүний нэг тоглолтод авдаг дундаж оноо 6.3 гэж гарсан нь зарим тоглогчдынхоос бага байсан ч 3х3 сагсан бөмбөгт их оноо авахыг чухалчилдаг.


О.Хулан, Б.Ариунцэцэг нар дэлхийн чансаанд дээгүүрт бичигдлээ
Монгол Улсын 3х3 шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт О.Хулан “FIBA 3×3” дэлхийн чансаанд 123,394 оноогоор ес, Б.Ариунцэцэг 112,151 оноогоор 12 дугаарт бичигдэж байна.
Сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан бэлгэдлийн багт нэрлэгдэв
Монгол улсын эмэгтэй шигшээ багийн тоглогч О.Хулан ДАШТ-ий бэлгэдлийн багт нэрлэгдлээ.


Шигшээ багийн дасгалжуулагч Стив Сөр
Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Канад улсын мэргэжилтэн Стив Сөр ажилладаг. Тэрбээр улсынхаа хамгийн өндөр 3х3 чансаатай тамирчин, дэлхийн шилдэг холын зайн шидэгч нарын нэг гэж тооцогддог юм.
Онцлоход Стив Сөр Монгол Улсын 3х3 шигшээ багийн нэгэн эд эс болж, багийн бүрэлдэхүүнд багтан хэд хэдэн томоохон чансаатай тэмцээнд өндөр амжилт үзүүлж байсан билээ.


Монголчуудыг нэгтгэсэн сагсан бөмбөгөөр амьсгалсан 7 хоног
Монголын Сагсан бөмбөгийн холбооноос өөрийн эх орондоо 2017 оноос хойш 30 дахь тэмцээнээ тасралтгүй хүлээн авч амжилттай зохион байгуулж чадлаа. Бидэнд зүүд мөрөөдөл мэт хол байсан дэлхийн аваргын амжилт, ялалтыг эх орныхоо талбай дээр шигшээ баг нь үзүүлээд зогсохгүй, ийм том тэмцээнийг дэргэдээс нь үзэх аз завшаан олгож өгсөн нь хувь тохиол гэлтэй.
Монголчууд нийслэл Улаанбаатар хотын зүрх нь болсон төв талбайдаа спортоор нэгдэж, тамирчдаа хөгжөөн дэмжиж, баяр бахдал дүүрэн өдрүүд байсныг дурдах нь зүйтэй.
Юуны өмнө Монголын Сагсан бөмбөгийн холбооны хамт олон, Дасгалжуулагч нарын баг, Медиа баг, арын албаныхандаа бүгдэд нь маш их баярлалаа гэж хэлэх нь зүйтэй.
Олимпын төрлийн тэмцээнийг эх орныхоо нийслэлд зохион байгуулж шинэ Түүх бичлээ. Ингэснээр Олимпоос бусад төрлийн тэмцээнийг 3х3 төрлөөр зохион байгуулж буй цор ганц Улс болж байна.
Том тэмцээн уралдаан эх орондоо зохион байгуулах “спорт, аялал жуулчлал”-ыг хөгжүүлэхийн зэрэгцээ гадны тамирчид, зочдын худалдан авалтаар Улсын эдийн засаг дэмжигдэж байдаг билээ.
Холбооноос жендерийн эрх тэгш байдлыг хангаж ажилласны үр дүн нь ийм л онцгой байв. Мөн тус холбооноос менежмент, зөв бодлого, алсыг харсан холч зорилтот төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй нь эндээс харагдаж байна.
Монгол охид ийм эрч хүчтэй, чадвар чадамжтай, нөөцтэй гэдгийг харууллаа. Энэ бол зүүд бус бодит гайхалтай басхүү бахархам, хүндлэм үйл явдал болов.


Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн
Шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл болон М.Цэрэнлхам нар сонгогдон, багийн ахлагчаар М.Цэрэнлхам ажилласан.
Монголын багийн ялалтууд:
Бразил – Монгол 14-16
Монгол – Испани 10-22
Герман – Монгол 14-18 /Нэмэлт цагт/
Монгол – Украин 18 – 16 /Нэмэлт цагт/
Хасагдах шатны эрх: Монгол – БНХАУ – 21-19 /Нэмэлт цагт/
Шөвгийн найм: Монгол – АНУ 18-15
Хагас шигшээ: Монгол – Польш 18-17 /Нэмэлт цагт/
Финал: Нидерланд – Монгол 15-9


FIBA 3×3 ДАШТ-ий дараагийн зогсоол нь Польшийн Варшав
Дараагийн FIBA 3×3 ДАШТ 2026 онд Польшийн Варшав, 2027 онд Сингапурт зохион тус тус зохион байгуулна.


Талбай дээрх дасгалжуулагч бол “Багийн ахлагч” юм
Багийн ахлагч М.Цэрэнлхамд талархал илэрхийлье. Тэр бол сэтгэлзүйн чиглүүлэгч луужин байлаа. Тэрбээр өрсөлдөөний талбай дээрх дасгалжуулагч бол багийн ахлагч хэмээн спортын хүрээнд яригддаг гол асуудлыг оргүй бус бодит зүйл гэдгийг батлан харуулав.


Монголчуудыг омогшуулж бахархуулан нэгтгэж чадсан шигшээ багийн хүчирхэг охиддоо маш их баярлалаа.
Ийм чухал олимпын төрлийн тэмцээнийг эх орондоо дэргэдээс үзэх боломжийг олгосон Монголын Сагсан бөмбөгийн холбооны хамт олон, 7 хоногийн турш шигшээ багуудаа дэмжиж, багийн спорттой хамтдаа байсан хөгжөөн дэмжигч нартаа баярлалаа.
Монгол Улсыг сагсан бөмбөгийн спортоор Дэлхийн төвд таниулж чадсан шигшээ багийнхандаа бас дахин баярлалаа. 3-хан сая хүн амтай улсын хувьд ямар их чадамж, нөөц, хүчтэй, потенциалтай ард түмэн байдаг гэдгийг харуулж та бүхэн чадлаа. Баярлалаа…

