
Азербайжаны эрх баригчид тус улсад ОХУ-ын төрийн болон хувийн байгууллагуудын оролцоотой зохион байгуулагдах бүх арга хэмжээнүүдийг цуцалжээ.
Азербайжаны Соёлын яамнаас мэдээлснээр цуцлагдаж буй арга хэмжээнүүдэд концерт, жүжиг наадам, үзэсгэлэн зэрэг багтаж байгаа аж.
Баку ийм шийдвэр гаргах болсон нь ОХУ-ын хууль сахиулах албад Оросын Екатеринбург хотод ажиллаж амьдардаг Азербайжанаас гаралтай иргэдийн эсрэг хуулиас гадуур, шүүхийн шийдвэргүйгээр хүч хэрэглэж, хөнөөсөн явдалтай холбоотой бөгөөд азербайжанчуудыг илт чиглэсэн ийм төрлийн үйлдлүүд нь сүүлийн үед системтэйгээр явагдах болсонтой холбоотой гэжээ.
Өнгөрсөн баасан гарагт Оросын Екатеринбург хотод цагдаа нар Азербайжан улсаас гаралтай 50 гаруй иргэнийг баривчилсан ба орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр баривчилгаа нь 2001 онд гарсан хүн амины гэмт хэрэг мөн 2010-2011 онд гарсан хэргүүдтэй холбоотой аж.
Баривчилгааны үеэр хүн амины хэргийн гол сэжигтэнгүүд гэгдэж байсан ах дүү Гусейн болон Зияддин Сафаров нар нас барсан ба оросын хэвлэлүүдэд ах дүү хоёрын зүрх зогссон хэмээн мэдээлжээ.
Азербайжан улсын Гадаад харилцааны яам Екатеринбург дахь азербайжанчуудыг шалгаж, баривчилж буй асуудлаар ОХУ-ын элчин сайд Петр Волоковыхыг дуудаж уулзсан байна.
ОХУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Мария Захарова П. Волоковых Азербайжаны талд зохих тайлбарыг өгч, нөхцөл байдал хууль хяналтынхны хяналтад байгааг мэдэгдсэн гэжээ.
Эх сурвалж Oxu.Az