
Танд энэ номууд маш хэрэгтэй. Заавал уншчихвал зүгээр. Яагаад гэвэл: Эдгээр номын үйл явдал л онцгой, анхаарал хандуулам болохоос биш муу ном, муу орчуулга хэмээн тодотгоогүй гэдгийг анхааруулах нь зүйтэй болов уу. Доор дурдагдах номууд таныг хайр сэтгэлийн хувьд, хүний эрх, эрх чөлөөний хувьд, амьдарч буй нийгмийн хувьд токсик харилцаанаас салгахад тусална гэж найдъя. Салгадаггүй юм аа гэхэд “би чинь ийм эрүүл бус харилцаанд байжээ” гэж сануулах, ойлгуулахад ч дөхөм болох болов уу.
1.“МАГМА”


“Улбар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан эл номыг Б.Хатантөмөр орчуулжээ. Энэхүү номыг уншигч миний хувьд хосуудад заавал зөвлөх байна.
Номын үйл явдлын тухайд: Лилиа бол 20-оод настай. Дөнгөж их сургуулийн 1-р дамжааны охин бөгөөд ахлах сургуулиа онц төгссөн. Ар гэрийн статус нь боломжийн бөгөөд охиноо эрвийх дэрвийхээрээ бөөцийлөн өсгөжээ. Гэрээсээ хол харь газар ёстой л зарим Монголын оюутнууд адил хөдөөгөөс хотод ирээд, эрээ цээргүй архидаж, шоудаж, амьдралд дөнгөж хөл алдаж яваа гэх үү үзэх юмаа үзэж л яваа охин юм. Харин түүнтэй учирсан залуу нь өөрөөс нь хэд ах гүн хар нүдтэй, өндөр, сүрчиг үнэртүүлсэн хэнбугай ч харц тогтоохоор залуу билээ. Залуугийн нэрийг тэмдэглэлдээ тэр минь л гэж өгүүлдэг болохоор нэрийг нь биччихвэл хүмүүс мэдчих юм шигээр нандигнан хаацайлжээ. Удалгүй шинэхэн амрагууд маань залуугийнд нүүж очиход тоос шороондоо дарагдсан, коланы саваар хөглөрсөн умгар байр угтана. Анхил танхил өссөн Лилиа бүсгүйд тэр байдал огтхон ч асуудал мэт санагдалгүй усанд орохдоо хүртэл өнөөх залуугаас чаргууцалдаж зүй орох зайгүй хэлхэлдэж, бүсгүй уясаж нялхран, түүнийхээ төлөө бүхнээ зориулахад бэлэн болох авч ахуйд залуу чимээгүйхэн толгойг нь эргүүлж, зугуухнаар судсыг нь атгаж байлаа. Зохиолд токсик харилцаанд эмэгтэй хүн хэрхэн алгуурхан ордог талаар өгүүлнэ. Ийнхүү эмэгтэй хүн хортой харилцаанд мянга түмэн удаа уучлавч эцэстээ өөрийгөө алдаад дуусдаг талаар гарна. Эцэст нь ихэнхдээ бид үүлэн дээр хөвсөн романтик харилцааны төсөөлөлтэй байдаг ч жинхэнэ дэлхийд яг л олон олон эмэгтэйчүүд магма шиг байдалд орон, бүгдийг нуун хааж болж бүтэж буй мэт дүр эсгэдэг шүү дээ…
Сануулахад, бид нийгмээрээ ямар нэгэн хүчирхийллээс ангид байх хэрэгтэй. Эрэгтэй, ч бай, эмэгтэй ч бай хэн нэгнээ сэтгэл зүйн болоод бие махбодын хүчирхийлэлд оруулахгүй байх нь зүйтэй. Мөн хүчирхийллийг тэвчдэггүй хүн байхад анхаарч, ямар харилцааг хортой харилцаа гэх вэ гэх асуултын хариултыг та энэ номоос олж мэдэх болно.
2. Анна Каренина


Оросын их зохиолч Лев Толстойн 100 илүү жил дамнан уншигдсан сонгодог зохиол “Анна Каренина” романыг манай ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн билээ. Өдгөө хэд хэдэн удаа жүжиг болж манай театруудад ч тавигдсан эл номын тухай би бээр олон үг нуршаад хэрэггүй биз. Хайрын тухай хамгийн агуу, бас хамгийн эмгэнэлтэй зохиол болох эл номын тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй байж болох нэгэн баримтыг энд дурдъя.
Анна Каренина бол бодит эмэгтэйн амьдралаас санаа авсан дүр:
1873 оны гуравдугаар сарын нэгний өдөр А.С.Пушкины “Зочид зусланд цугласан нь” номоос “Зочид хөдөө гэрээ орхиход бэлэн болжээ” гэдэг мөрийг уншаад “Анна Каренина” зохиолын санааг олсон гэдэг. Тэрээр эхнэртээ “Хэн нэгэн үүний тухай бичих хэрэгтэй” хэмээгээд тэр шөнөдөө бичиж эхэлснээр энэхүү зохиолын эхлэл тавигджээ. Анна Степановна Пирогова Толстойн дотнын найз нөхдийн нэг агаад түүний дурлалт залуу нь өөр эмэгтэйтэй гэрлэхэд Анна гэрээслэл бичин галт тэрэгний доогуур орж амиа егүүтгэсэн байна. Маргааш нь Аннагийн цогцсыг Толстой өөрийн нүдээр харж байжээ. Уг эмэгтэйн золгүй түүхээс сэдэвлэн Толстой нийгэмд нэр хүндээ алдсан сэхээтэн эмэгтэйн түүхээ бичихээр шийдсэн аж.
3. “Хувийн асуудал”


Хүүхэдтэй болно гэдэг тоглоом биш. Маш их үүрэг хариуцлага шүү дээ. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй гэр бүл төлөвлөлттэй байж, хувийн бэлтгэл ажлаа сайн хангах хэрэгтэй. Үнэхээр би хүүхэдтэй болоход бэлэн үү? гэх асуултыг заавал өөртөө тавих нь ч зүйтэй. Эл номыг уншиж ахуйд эрчүүд яагаад хүүхэдтэй болохоос айдаг хийгээд, хэрхэн дотоод хүнтэйгээ зөрчилдөж буй талаар гардаг билээ. Хэрвээ та унших гэж буй бол төгсгөл нь “сэтгэл татам” шүү.
Номын тухайтад: Нобелийн шагналт зохиолч Оэ Кензабүрогийн “Хувийн асуудал” роман 1964 онд анх хэвлэгдэн гарсан. Тус романд 27 настай, сургуульд байхаас нь эхлээд бүгд л Шувуу хэмээн хочлох болсон бэлтгэл сургуулийн багш нэгэн залуугийн тухай өгүүлдэг. Эхнэр нь төрөхөөр эмнэлэгт хэвтэж байх зуур Шувуу хотоор тэнэж яваагаар уг зохиол эхэлнэ. Эцэг болсон хүний хувьд магадгүй хэзээ ч аялж чадахгүй гэдгээ мэдэж байсан ч гэлээ тэр Африк руу аялах хүсэлдээ хөтлөгдөн газрын зураг худалдан авч, автомат тоглоомууд бүхий зугаа цэнгээний газраар хэсүүчлэн, харьж явах замдаа нутгийн танхай залуусын зодоон цохионд хүртэл өртөнө. Маргааш өглөө нь нэгэн эмч Шувууд, хүү нь тархины ивэрхий хэмээх тун ховор тохиолддог гажигтай төрсөн тул удаан наслахгүй байх магадлал маш өндөр гэдгийг, хүсвэл тусгай мэргэшсэн эмнэлэгт үзүүлж, хагалгаа хийлгэж болох тухай мэдэгдэнэ. Гэвч хүүхэд хэвийн өсөж бойжно гэдэг нь үндсэндээ боломжгүй ажээ. Энэ гунигт мэдээ Шувууг маш хүнд дотоод зөрчилд унагаж орхино. Учир нь, тэрээр дотроо, “тун удалгүй “Мангас хүүхэд” хэмээн нэрийдэх хөгжлийн бэрхшээлтэй энэ хүүхэд аль болох хурдан үхэх нь бүгдэд дээр” хэмээн шийддэг…
4. 1984
Яг энэ гарчгийн доор нэг зохиолчийн хоёр ном хэлье гэж бодлоо. Жорж Оруэллын “Амьтны ферм”, “1984” гэх хоёр номыг уншиж ахуйд ерөөс далдын хүчинд хоолойгоо боомилуулсан мэт мэдрэмж төрөх вий. Мөн түүнчлэн нийгмийн аливаа асуудлын дотоод чанарыг олж таних шидэт шилийг газраас олж зүүсэн шиг л эрүүл ухаанаар улс төр, болоод бусад салбарыг танин мэдэх болно. 1984 зохиол бол Жорж Оруэллын улс төрийн хамгийн шилдэг зохиолуудын нэг бөгөөд энэхүү зохиолыг 1948 онд /байрыг нь сольж нэрлэсэн/ ирээдүйг зөгнөн бичсэн ном юм. Харамсалтай нь 1949 онд хэвлэлтэд өгөөд 1950 онд зохиолч таалал төгссөн билээ.
“Том ах чамайг харж байна” гэх энэ үг л энэхүү номыг бүрэн илэрхийлнэ.
Харин Амьтны ферм номыг “Гахай бусдаас давуу эрхтэй” гэх үг илэрхийлнэ. Заавал унших ёстой ном гэж байдаг бол эднийг хамгийн түрүүнд зөвлөх байна.
5. “Өөрийгөө бодох нь ариун үйлс”
Анх хэвлэгдсэн цагаасаа л Айн Рэндийн бүтээлүүд сэхээтнүүд, оюутнуудад том нөлөө үзүүлсэн. Түүний дэвшүүлсэн рационал байдлаар хувиа бодох тухай ёс зүйн шинэ онол нь өнөө үед газар аваад байгаа альтруист-хамтач үзэлтэй тэрсэлдэж байгаа юм. Түүний алдарт зохиол бүтээлүүдийнх нь цаана объективизм хэмээх түүний өвөрмөц философи оршиж байдаг билээ.
Айн Рэндийн “Өөрийгөө бодох нь ариун үйлс” хэмээх философийн ном нь ихээхэн маргаан дэгдээдэг. Яагаад зөвхөн өөрийгөө бодох ёстой гэж гэх асуултыг тавьдаг гэсэн үг. Яг нарийндаа эл ном нь өөрийгөө бодох нь зөвхөн өөрийгөө бодож буй үйл хэрэг биш юм гэдгийг бүрэн нотолно. Зарим эрдэмтэн эл үзлийг гажуудуулж тайлбарлах гэдэг талтай. Уг нь сайн ухаж ойлговол өнөөгийн нийгэм цаг үеийн нөхцөл байдал тэр ч бүү хэл хэн нэгнээ хайрлах мөн чанарыг ч бүрэн тайлбарлаж болохуйц санагдсан.
Маш нухацтай удаан хугацаанд бодож унших ном бол “Өөрийгөө бодох нь ариун үйлс” ном мөнөөсөө мөн билээ.