
Өнгөрөгч 2024 оны сүүлээс Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүнээр элсэх, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах зэрэг төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн 5 орон хоорондын худалдааг авч үзвэл 2024 оны байдлаар нийт бараа эргэлт 3.0 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 110 сая ам.доллар, импорт 2.9 тэрбум ам.доллар буюу худалдааны алдагдал 2.8 тэрбум ам.доллар, худалдааны харьцаа 96:4 байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдсэн. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцсон.
Евразийн эдийн засгийн холбоо нь Одоогоор дараах таван улс гишүүнээр оролцдог.
- Орос -146 сая
- Казахстан-20 сая
- Беларусь- 9.5 сая
- Армени- 3 сая
- Киргиз- 7 сая хүн амтай бөгөөд Евроазийн эдийн холбооны гишүүн орны хэрэглэгчийн зах зээл 200 орчим сая гэж үздэг.
Дээрх орнуудаас гадна Вьетнам, Иран, Хятад, Серби зэрэг улсууд ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны гэрээ байгуулсан.
Монгол Улс түр хугацааны худалдааны гэрээ хийх нэрийдлээр дотоодын эдийн засагтаа том савлагаа үүсгэх вий, Оросын эдийн засгийг шууд байдлаар дэмжих энэ бодлого нь олон улсад хэрхэн харагдах хийгээд манай улсад хожоотой хэлцэл болж чадах эсэх нь эргэлзээтэй зэрэг олон шүүмжлэл уг хэлэлцээрийг УИХ-аар яригдах үеэр өрнөсөн. Өнгөрөгч баасан гарагт Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан 3 жилийн түр хэлэлцээрт Беларусийн нийслэл Минск хотод гарын үсэг зурлаа.
Түр хэлэлцээрт:
- дизель түлш, мазут, керосин, тослох материалын гаалийн 5 хувийн албан татвар тэглэгдэнэ.
- Манай улсаас мах, махан бүтээгдэхүүний 29, арьс ширний 60, ноос ноолуурын 204, бусад 65 төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн татваргүйгээр экспортолно.
- Хэлэлцээрээс өмнө ноогдож байсан 15-50% хувийн татвар тэглэгдлээ.
- Мах, махан бүтээгдэхүүний экспорт 152%,
- савхин эдлэл, арьс ширнийх 140%,
- оёмол, сүлжмэл, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт 134% хүртэл өснө.
- өндгөнд оногдох гаалийн татварыг 50 хувиар бууруулахдаа 90 сая ширхээр квот хязгаар тогтоов.
- Хатуу, зөөлөн улаан буудай 50 мянган тонноос хэтрэхгүй тохиолдолд гаалийн татвар нь 25%-иар буурна.
- Архи, шар айраг зэрэг бүтээгдэхүүний гаалийн тариф 25%-иар бууруулна.
Уг хэлэлцээр монголын эдийн засаг, нийгэмд нөлөөлөх нэг хортой тал нь тамхи татваргүй орж ирэх үү? гэсэн асуудал байлаа.
Харин Тамхины гаалийн татварыг Онцгой албан татвараар нөхөн тооцож, импортын тамхины биет хэмжээг нэмэхгүй байхаар тусгажээ.
Гэхдээ уг түр хэлэлцээрийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах учиртай юм.