
Тайванийн дэд ерөнхийлөгч Хсиао Би Кхим Хятадын Коммунист намын хууль бус үйлдлүүд нь Тайванийн эрх ашгийн төлөөх түүний дуу хоолойд заналхийлж чадахгүй хэмээн мэдэгджээ.
2024 оны 3-р сард Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин Тэгийн хамт Чех улсад айлчилж байхад түүний сууж явсан автомашиныг Хятадын дипломатч санаатайгаар мөргөх гэж байгаад бүтэлгүйтсэн тухай Чехийн албаны хүмүүс мэдээлжээ. Чехийн тагнуулын албаны дарга Петр Бартовскигийн мэдээлснээр тухайн үед Хятадын дипломат Тайванийн дэд ерөнхийлөгчийн сууж явсан машины араас дагаж явахдаа улаан гэрлээр гарч, замын хөдөлгөөний журам зөрчсөн ба замын цагдаа түүнийг зогсоосноор Прага дахь БНХАУ-ын элчин сайдын яам дахь тагнуулын албаныхан болон дипломатуудын томоохон төлөвлөгөөг нураажээ. Түүний хэлснээр Хятадын тагнуулын албаныхан Тайванийн дэд ерөнхийлөгчийн сууж явсан автомашиныг мөргөж, түүний амь насанд заналхийлэх төлөвлөгөөтэй байсан аж.
Чехийн тагнуулын албаны төлөөлөгч Бээжингийн гаргасан уг үйлдэл Венийн конвенцыг зөрчсөн явдал хэмээн, уг хууль бус ажиллагаанд Прага дахь БНХАУ-ын элчин сайдын яаманд дипломат алба хашиж байсан хүмүүс оролцсон гэжээ.
Тайванийн зүгээс Бээжингийн үйлдлийг буруушааж, албан ёсоор тайлбар хийж, уучлалт гуйхыг шаардсан бол Хятадын Гадаад харилцааны яам Хятадын дипломатууд байрлаж байгаа улсынхаа хууль журмыг дагадаг болохыг онцолж, Чехийн засгийн газар Хсиао Би Кхимыг Тайванийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч хэмээн тодорхойлж, Чех улсад айлчлахыг зөвшөөрснөөрөө Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн буруутгажээ.
Эх сурвалж: The Guardian