
Улаанбаатар хотын иргэдийн өдөр, Хүрээ цам Даншиг наадам энэ амралтын өдрүүдэд /2025.6.28-29/ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Баяр наадмын эхний өдөр Азарга, Хязаалан, Шүдлэн насны морьдын уралдаанд түрүү айраг хүртсэн хурдан хүлгүүдийг танилцуулъя.
Азарга насанд 73 азарга шандсаа сорихоор бүртгүүлснээс 56 азарга гараанд гарсан. Ийнхүү Төв аймгийн Баян сумын Д.Саграадоржийн буурал, бунд зүсмийн азарга түрүүллээ. Аман хүзүүнд Увс аймгийн Өндөрхангай сумын МУАУ Батсайханы бор чойндон зүсмийн азарга орсон бол гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын Н.Сүхбатын ухаа нум зүсмийн азарга, дөрөвт Архангай аймгийн Ихтамир сумын НАУ Л.Эрхэмбаярын хар, сайртай азарга, айргийн тавд Завхан аймгийн Баянхайрхан сумын Д.Жамсрангийн хул, саарьтай ууль азарга тус тус хурдалжээ.
Хязаалан насны уралдаанд нийт 88 хурдан морь бүртгүүлснээс 77 нь гарааны зурхайгаас хөдөлж Ховд аймгийн Зэрэг сумын Б.Баярбямбын хээр алаг, туухай магнайдаа тоосгүй өнгөллөө. Харин аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Д.Бэхбатын хар, саран дэвсгэртэй загастай дөл, айргийн гуравт Архангай аймгийн Ихтамир сумын Л.Энхбаярын хонгор сар, айргийн дөрөвт Төв аймгийн Жаргалант сумын Г.Алтансүхийн цоохор загас, айргийн тавд Б.Сүхбаатарын зээрд халзан, алхтай сар зүсмийн хязаалан тус тус хурдаллаа.
Шүдлэн насанд 86 шүдлэн бүртгүүлсэн. Ийнхүү 70 шандаст хүлэг алтан тоосоо өргөснөөс Ховд аймгийн Зэрэг сумын Б.Баярбямбын хүрэн ширээтэй зуузай шүдлэн түрүүлсэн бол Архангай аймгийн Тариат сумын Б.Наранбаатарын хул, хөвчтэй сар шүдлэн аман хүзүүдлээ. Айргийн гуравт Завхан аймгийн Шилүүстэй сумын Д.Заяабадралын зээрд, таван нүд, айргийн дөрөвт Улаанбаатар хотын Багануур дүүргийн НАУ Ж.Мөнгөнбаярын хонгор халзан, чандмань, айргийн тавд Булган аймгийн Булан сумын Б.Өвгөнхүүгийн бор шүдлэн хурдалж наадамчин олноо баясгалаа.