
Өнгөрсөн баасан гарагт Amazon компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жефф Безос сүйт бүсгүй Лорен Санчез нар Италийн Венец хотын Сан Жоржио Мажжиоре арал дээр хуримын тангаргаа өргөжээ.
Хуримын ёслолын дараа сүйт бүсгүй Лорен Санчез өөрийн нийгмийн сүлжээнд хуримын даашинзтай зургаа нийтлэн, Instagram дахь хаягаа Лорен Санчез Безос болгон өөрчилжээ.
Vogue цахим сэтгүүлийн 6-р сарын дугаарт сүйт бүсгүй Л. Санчезийн даашинзны тухай дэлгэрэнгүй мэдээллийг нийтэлсэн байна. Л. Санчезын торон оруулгатай, лусын дагинын силуэттэй, хүзүүнээсээ хормой хүртэл шигтгэсэн 180 ширхэг торгон товчтой хуримын даашинзыг Dolce&Gabbana загварын өргөө бүтээжээ. Л. Санчез хуримын даашинзныхаа загварыг Доменико Дольчетэй жил хагасын өмнөөс ярилцаж төлөвлөсөн ба ингэхдээ 1958 оны “Houseboat” нэртэй уран сайхны кинон дээр домогт жүжигчин Софи Лорены өмсөж байсан даашинзнаас санаа авчээ.
Сүйт бүсгүйн хэлснээр уг даашинз нь түүний албан ёсны арга хэмжээн дээр өмссөн цээжийг нь бүхэлд нь хаасан анхны даашинз болж байгаа аж.
Түүнчлэн Л. Санчез хуримын даашинзаа New Shepard хөлөг онгоцоор сансрын дэд тойрог замд гарахдаа авч явсан Dolce&Gabbana-гийн ээмэгтэй хослуулжээ.
Ж. Безос, Л. Санчез нар 2023 оны 5-р сард сүй тавьсан юм. Ингэхдээ Ж. Безос Л. Санчезтай Францад амарч байхдаа ойролцоогоор 3-5 сая ам.долларын үнэтэй 30 карат очир эрдэнийн шигтгээтэй цагаан алтан бөгжөөр гэрлэх санал тавьж байжээ.
Amazon компанийг үүсгэн байгуулагч Ж. Безос, сэтгүүлчээр ажиллаж байсан Л. Санчез нар 2019 оны 1-р сард харилцаагаа олон нийтэд ил болгож байсан юм.