
Гашуун яриа | Болдбаатарын Бадамцэцэгийн түүхээс:
Миний охин намайг хараад ‘Ээжээ, та аймаар өрөвдмөөр харагдаж байна. Хэрвээ би тань шиг ийм байдалд орсон бол уйлаад л хэвтэх байсан гэж хагалгааны дараа хэлж байсан юм. Энэ үг нь намайг илүү хүчирхэгжүүлсэн гэж боддог.
Түүний өмнө нь харж байсан нүд нь хагалгааны дараа гэрэл ч мэдрэхээ больсон. Тэр гэрэлгүйд, хөдөлж болохгүй хязгаарлалтад, нөхрийнхөө суганд түүртэн зүтгэх амьдралтай нүүр тулсан юм.
Хараагаа алдсан ч, итгэлээ алдаагүй
Гурван хүүхдийн ээж, 35 настай Б.Бадамцэцэг хоёр сарын өмнө Солонгос улсад нүдний болор солиулах хагалгаанд оржээ. Энэ бол энгийн нэг хагалгаа биш. Түүний хувьд хараа сэргээх сүүлчийн итгэл, амьдралын чанарыг өөрчлөх ховор боломж байв. Гэвч бүх зүйл түүний төсөөлж байсан шиг болоогүй. Хагалгааны дараа түүний цорын ганц хардаг байсан баруун нүд бүрэн хараагүй болж, харааны бэрхшээл нь бүрэн хараа алдалт болж хувирсан юм.
Тэрээр 1997 онд анх Солонгос улсад хагалгаанд орж, тухайн үед тод харах боломжтой болсон ч нас ахихын хэрээр хараа нь аажмаар муудсаар байжээ. Хожим танилынхаа тусламжтайгаар солонгосын Samsung эмнэлгийн чадварлаг эмчид үзүүлж, хагалгаанд орох шийдвэрийг гаргасан байна. Түүнийг хагалгаа амжилттай болсон хэмээн тайвшруулсан ч удалгүй нүд нь үрэвсэж, дахин хагалгаанд орох шаардлагатай болжээ. Үр дүнд нь хараа бүрэн алдагдсан байна.
Хагалгааны өмнө надад эрсдэл, хүндрэлүүдийн талаар нарийн мэдээлэл өгсөн бол би өөр шийдвэр гаргах байсан. Хараагаа бүрэн алдаж болно гэдгийг орчуулж хэлээгүй нь хамгийн том алдаа байсан гэж боддог

Хараагүйчүүдийн дунд өссөн хүүхэд нас, багш болох мөрөөдөл
Б.Бадамцэцэг харааны бэрхшээлтэй хүмүүсийн орчинд өссөн. Ээж нь мөн хараагүй нэгэн. Ойр орчмын ахмадууд ч тусгай хэрэгслээр амьдралаа зохицуулж, нийгэмшсэн байв. Тэр хүүхэд насандаа Монгол хэл, уран зохиолын багш болохыг мөрөөддөг байсан бөгөөд 8-р ангиа төгсөөд Соёлын дээдийн лицейд суралцсан ч хөтөлбөр нь хэт шахуу, хүнд санагдаж, Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль руу буцсан байна.
11-р ангиа төгсөөд СУИС-д концертмейстерийн шалгалтад тэнцэж, хөгжмийн боловсрол эзэмшиж эхэлжээ. Гэвч амьдралын нөхцөл байдал, гэр бүл, хүүхдүүдийнхээ төлөөх хариуцлага түүнийг өөр зам руу хөтөлсөн байна.

Ээжийнхээ ертөнцөөр алхсан хоёр сар
Хараагаа алдсанаар тэр зөвхөн өөрийн амьдралыг шинээр харсангүй, харин ээжийнхээ туулах замыг ч гүн ойлгож эхэлсэн байна. Хараагүй хүн өдөр тутмын амьдралд ямар их хүч гаргаж, тэвчээр гаргадаг болохыг тэр биеэрээ мэдэрчээ.
Өөрийгөө бэлтгэсэн гэж бодсон. Гэтэл алхах гэж үзэхэд хөл хөдлөхгүй. Сэтгэл дотроосоо хөдөлдөггүй юм билээ. Цаанаасаа хамаг бие чангарч, гишгэх бүрд л айдас… Ээжтэйгээ адилхан таягаа бариад алхана гэдэг тийм амар биш юм байна. Ээж маань гурван хүүхдээ ганцаараа өсгөсөн. Тэр үед ээжийнхээ хийдэг бүхнийг ойлгодоггүй байж. Харин одоо энэ байдалд орсон хойно л тэр хүнийг жинхэнэ утгаар нь ойлгож байна. Ээж шиг минь тэсвэр, тэвчээртэй хүн ховор юм билээ.

Хонгилын үзүүрт үргэлж гэрэл асдаг
Хараагүй болсон ч тэр дахин хагалгаанд орж, наад зах нь нар, сараа ялгаж хардаг болохыг хүсч байгаа юм. Түүний хувьд бүх зүйл дуусагүй, бүхниийг сөрөгөөр харах сэтгэл ч төрөөгүй аж.
Одоо нэг л найдвар үлдсэн. Түүгээрээ зүтгэнэ. Ямар ч байсан уйлаад, гутраад хэвтэхгүй. Болоогүй зүйлийнхээ төлөө шаналсаар л байлтай биш дээ
Бадамцэцэгийн түүх бол хараа гээсэн ч, зориг гээж болдоггүйг харуулсан баримт. Энэ бол эрүүл мэндийн мэдээллийг бүрэн авах эрх, хариуцлагагүй харилцаанаас үүдэлтэй эрсдэл, харааны бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын сорилтыг харуулсан бодит амьдрал юм. Тэрээр амьдралын хамгийн харанхуй хэсэгт гэрэл гаргах гэж хичээж яваа олны дунд орших онцгой биш ч өөрийнхөөрөө гэрэлтэж сайхан ирээдүнй төлөө тэмүүлж буй эгэл жирийн эмэгтэй.
Хамгийн гашуун ярианы ард олон төрлийн амт сүлэлдэн оршдог нь хорвоогийн жам юм.