
Монголын нууц товчоог тагнуулын ухааны үүднээс шинжилсэн анхны судалгааны бүтээл “Чингис хааны тагнуулын нууц товчоо” олон нийтийн анхаарлыг татаад байна. Судлаач Ж.Соёмбо, Ж.Түвшинтөр нарын хамтарсан уг бүтээл нь XIII зууны нүүдэлчин гүрний тагнуулын сүлжээ, мэдээллийн урсгал, нөхцөл байдлын мэдрэмж зэрэг орчин үеийн тагнуул судлалын тулгуур ойлголтыг 800 жилийн өмнөх бодит жишээн дээр тулгуурлан тайлбарласан нь онцлогтой юм.
Судлаачдын үзэж буйгаар “Монголын нууц товчоо” нь ердөө түүхэн сурвалж төдий биш, харин гүн гүнзгий тагнуулын онол, практик агуулсан нэн ховор эх сурвалж юм. Уг зохиол дахь үйл явдлууд, баатрын дүрүүд, стратегийн алхмууд нь нууц мэдээлэл цуглуулах, тараах, эсрэг тагнуул хийх, төөрөгдүүлэх зэрэг тагнуулын олон чиглэлийг тусгасаныг ийнхүү ил болгожээ.
“Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд:
-Тагнуулын “саарал агт” ажиллагаа,
-Хүний судалгаа, газар орныг шинжих, хуурч төөрөгдүүлэх бодлого,
-Стратегийн сэтгэлгээний үндэс зэрэг олон чухал санааг “Монголын нууц товчоо”-ноос хэрхэн уншиж болохыг дэлгэрэнгүй тайлбарласан байна.
Монгол судлалыг шинэ түвшинд гаргах хөшүүрэг болох энэхүү ном нь:
Монголын эзэнт гүрний оюуны чадамж удирдах арга барил мэдээллийн урсгал хэр зэрэг өндөр түвшинд байсан болохыг харуулж,
Орчин үеийн тагнуул судлалын ойлголттой харьцуулсан судалгааны жишиг болсон байна.
Монгол судлал, тагнуул зүй, стратеги сэтгэлгээний огтлолцлыг бий болгож буй анхны бүтээл гэдгээрээ шинэлэг бүтээл болжээ.
Судлаач Ж.Соёмбо хэлэхдээ: “Монголын нууц товчоо бол бидний үнэт өв. Харин түүнийг зөв өнцгөөс унших аваас бид XIII зууны тагнуулын менежмент, стратегийн сургамжийг өнөөдөр ч ашиглаж чадна” хэмээв