
УИХ-д 2025 оны төсвийн тодотголыг өргөн барьсантай холбогдуулан 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийг УИХ-аар хэлэлцэж байна.
Энэ оны төсвийн тодотголд Засгийн газраас Алт-3 аяныг хэрэгжүүлэх бөгөөд үүнийг УИХ-ын тогтоолын төсөл батлуулж байж хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай юм.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Алт-3 аяны тогтоолын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр хэлэхдээ,
“Төсөвт гэхээсээ илүүтэй мөнгөний бодлого буюу ханшид хамгийн их нөлөөтэй зүйл алт. Алтны үнэ сүүлийн жилүүдэд эрс өсөж байна. Нэг унц нь 3300 ам.доллароос илүү байна, тэрнээс цаашаа өснө гэсэн хүлээлттэй байгаа.
Гэтэл Монголбанканд тушаагдаж байгаа алтны хэмжээ жилээс жилд уруудаад байдаг. Энэ нь салбарыг бодлого гаргаж дэмжээгүй явж байсны л сул тал юм. Манай улс 500 орчим тоннын бүртгэгдсэн нөөцтэй. Өөрөөр хэлбэл нөөцийг нь баталгаажуулаад улсын бүртгэлд оруулчихсан байгаа.
Үүний 100 орчим тонныг нь өнөөдөр зөвшөөрөл өглөө гэхэд энэ оныхоо төгсгөлд шууд металлаа өгөөд Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн тогтвортой байдлыг хангана. Үнийн өсөлтийг барих л гэсэн үг шүү дээ цаанаа. Үүнд их том нөлөө үзүүлэх ордууд байгаа юм.
Гэвч тодорхой хуулийн зүйл заалтуудаар хориотой болчихоод байдаг. Энэ хориотой асуудлыг шийдэх бүрэн эрх нь УИХ–д байдаг. Алт аяны тогтоолын төслийг Засгийн газар их зориг гаргаж оруулж ирж байгаа. Би ажил аваад 7 л хонож байна. Хамгийн түрүүнд барьж аваад л хамгийн хурднаараа л оруулж ирлээ. Ямар нэг өөрчлөлт, тодорхой болгох тухай асуудал УИХ–ын бүрэн эрхийн асуудал.
Өнөөдөр УИХ–ын дарга маш тодорхой ярьсан. Тогтоолын төсөл дээр ажлын хэсэг гаргаад бүр тодорхой болгоод явуулах болно. 3 чиглэл бий. Нэгдүгээрт, байгаль орчин тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг маш хатуу суулгасан. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээлтийн баталгааг нь өндөр болгоно. Байгалийг гэмтээх учраас нөхөн сэргээх тухай асуудлыг маш тодорхой өндөр барьцаатай дэнчинтэй болгоно.
Уурхай хаагдахад хэрхэн хаах вэ, хэдэн төгрөгийн зардал гарах вэ гэдгийг урьдчилж авах тухай асуудал бий. Эдгээрийг тодорхой болго гэдэг ерөнхий бодлогын нэг заалт орж байгаа. Алт олборлолтыг дэмжихэд хамгийн чухал асуудал бол ААНОАТ–ын хязгаар байгаа юм. Алтны салбарынханы ярьдаг гол асуудал 6 тэрбум төгрөг хүртэл 10%-ийн татвар авч байгаа.
6 тэрбумаас дээш гарах юм бол 25%-ийн татвар шууд авчихаж байгаа юм. Энэ нь алт тушаалтад нөлөөлөөд байна гэдэг гомдол, яриа их гардаг. Тэгэхээр үүнийг Сангийн яамтайгаа яриад өөрчлөх боломжийг гаргах заалт оруулна. Зарим хуулийн хязгаарлалтад орчихсон, байгаа шууд ашиглах боломжтой энэ ордуудыг хөдөлгөе гэдэг ерөнхий утгыг оруулж ирсэн.
Үүнийг тодорхой болгоход тухайн ордуудын нэрийг нь оруулах юм уу координацыг нь оруулах уу? гэндэг нь УИХ–ын бүрэн эрхийн асуудал. Мөн дархан цааздаа авах эсвэл нөөцөд авах зэрэг газар зохион байгуулалтыг хийх шийдэл гаргах бүрэн эрх нь ч УИХ-д байгаа юм” гэлээ.