
Есөн хүнийг хөнөөж, мөчилсөн хэргээр цаазын ял сонссон “Твиттерийн алуурчин” гэгддэг 34 настай Такахиро Ширайшигийн цаазын ялыг энэ баасан гарагт Токио хотын хорих төвд гүйцэлдүүлсэн талаар Японы Хууль зүйн сайд Кэйсүкэ Сүзүки мэдэгджээ.
2017 онд цагдаа нар сураггүй алга болсон 23 настай эмэгтэйг эрэн хайх ажлын хүрээнд Такахиро Ширайшигийн гэрт нэгжлэг хийснээр түүний өрөөнөөс хүмүүсийн толгой, мөч зэргийг хадгалж байсан 3 күүлэр бокс, 5 хөргүүрийг олсон юм. Такахиро Ширайшигийн гарт 15-26 насны 8 эмэгтэй, 1 эрэгтэй амиа алдсан бөгөөд хохирогчид бүгд нийгмийн сүлжээнд үхэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн пост тавьсан байжээ. Алуурчин хохирогчидтой нийгмийн сүлжээгээр холбогдон үхэхэд нь тусална хэмээн гэртээ урьсан байсан ба өөрийн бэлгийн дур сонирхлоо хангахын тулд тэдгээр хүмүүсийг хороосноо шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн аж.
2020 оны 12-р сард шүүх түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, хүний амь нас хөнөөсөн, цогцсыг нь мөчилж, гэртээ хадгалж байсан хэрэгт буруутайг тогтоож, цаазын ял оноожээ. Японд цаазын ялыг хэрэгтнийг дүүжлэх байдлаар гүйцэтгэдэг ба цаазын ялыг гүйцэлдүүлсэн өдрийг цаазын ял гүйцэтгэсний дараа зарладаг журамтай аж. Цаазын ялын гүйцэтгэл нууц явагддаг ба хэрэгтний болон хохирогчдын ар гэрийнхэн, өмгөөлөгч нарт урьдчилж мэдэгддэггүй аж.
Эх сурвалж:edition.cnn.com
Б.Хүслэн