
Ираны шашны тэргүүн Али Хаменеи өнгөрсөн пүрэв гарагт телевизээр хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын Ираны цөмийн объектуудад үзүүлсэн цохилт амжилтад хүрээгүй болохыг онцолжээ.
Али Хаменеи АНУ-ын цохилтууд Ираны цөмийн хөтөлбөрийг үгүй хийх тал дээр бодитой үр дүнд хүрээгүй хэмээн Тегераны зүгээс Катар дахь АНУ-ын агаарын нисэх хүчний баазад хүчтэй хариу цохилт үзүүлж чадсан гэжээ. Вашингтоны зүгээс АНУ-ын цохилтууд нь Ираны цөмийн объектуудад ноцтой хохирол учруулж, тус улсын цөмийн хөтөлбөрийг олон жилээр ухраасан хэмээн мэдэгдсэн билээ. Израил-Ираны зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш олон нийтийн өмнө ил гараагүй Али Хаменеи пүрэв гарагийн мэдэгдэлдээ АНУ Иранд дахин халдвал Тегеран Ойрх Дорнод дахь АНУ-ын зэвсэгт хүчний баазуудад цохилт үзүүлнэ хэмээн заналхийлжээ.
Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтоны Ираны цөмийн объектуудад үзүүлсэн цохилтууд амжилттай болсон хэмээн мэдэгдсэнийг бодит байдлыг дэгсдүүлсэн хэмээн тодорхойлжээ.
Түүнчлэн Али Хаменеи Ираны ард иргэдэд АНУ-ыг ялсан явдалд баяр хүргэж, “Сионист дэглэм бүрэн устах аюулд орсон учраас Америкийн дэглэм энэ дайнд шууд байдлаар оролцсон. Харин манай исламын улс ялалт байгуулж, Америкт алганы амт үзүүллээ.” хэмээн мэдэгджээ.
The New York Times сонинд бичсэнээр Ираны шашны тэргүүн Али Хаменеи Ираны зэвсэгт хүчний удирдлагуудтай итгэмжлэгдсэн хүнээр дамжуулан харилцаж байгаа ба байршлаа мэдэгдүүлэхгүйн тулд цахим шуудан ч ашиглахгүй байгаа аж. Тэрээр газар доорх хорогдох байранд нуугдаж байж болзошгүй ба ямар нэг байдлаар амь үрэгдсэн тохиолдолд өөрийг нь залгамжлах 3 хүнийг хэдийн тодруулжээ.