
Оюу толгойн нийт орд таван лицензтэй, үүний хоёрыг нь буюу нөөцийн бараг 30 орчим хувийг “Онтрэ” ХХК 2004 оноос хойш эзэмшиж ирсэн.
Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Онтрэ” ХХК нь 2025 оны хоёрдугаар сард “Оюу толгой” ХХК-тай 76 хуудас бүхий гэрээ байгуулсан ч Монголын оролцоо огт тусаагүй өнөөг хүрсэн.
Монгол Улс “Онтрэ” ХХК-тай холбоотой асуудлаар 2008 онд байгуулсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний заалтаар гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал маш ойлгомжтой тайлбарласаар байгаа. Үүнийгээ өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга байдлаар ч хүргүүлсэн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд энэ асуудлаар Түр хороо байгуулж ажлын хэсгийн ахлаад ажиллах хүсэлтээ ч хүргүүлсэн.
Харин шинээр эмхлэн байгуулагдсан Г.Занданшатарын Засгийн газарт Онтрэ ХХК-ийн асуудлаар, цаашлаад УИХ-ын 103-р тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах “сүнс” байгаа юу гэдэг хамгийн чухал асуудал.
Өчигдөр тэрбээр “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ 2021 онд баталсан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ.
Монголын талд үр ашигтай байх шаардлагын үүднээс Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлуудыг бүтэн зургаар нь авч үзэх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Тухайлбал, үйл ажиллагааны ил тод байдал, худалдан авах ажиллагаа, татвар, байгаль орчин, ялангуяа ус ашиглалт зэрэг асуудлыг багцаар нь шийдэхийн төлөө хамтран ажиллах шаардлагатайг онцолж, эдгээр асуудлаар нарийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллах саналаа илэрхийлсэн байна.
Тэгвэл “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон шийдлээ хүлээж буй асуудлуудаар ширээний ард сууж, хамтран ажиллах тал дээр нээлттэй хандаж байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын талд гэрээний хугацааны 50 хувиа элээчихсэн Хөрөнгө оруулалтын гэрээнд байгаа нэг ч удаа ашиглаагүй заалтаа ашиглан өөрчлөлт оруулах боломж байгаа бол гэрээ байгуулсан нөгөө тал яриа хэлэлцээний ширээний ард сууя гэлээ. Одоо тэгвэл Засгийн газар ажлын хэсгээ ямар бүрэлдэхүүнтэй байгуулж, ямар нөхцөл тавих вэ гэдэг л хүлээлт үүсгэж байна.
Нэмэлт: Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн зэсийн 24 хувь, алтны 42 хувь, мөнгөний 29 хувь, молибдений 94 хувь нь “Онтрэ”-н тусгай зөвшөөрлийн талбайд хамаардаг.
“Онтрэ” ХХК Оюутолгойтой яг адилхан тусгай зөвшөөрөл эзэмшигч. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар стратегийн орд дээрх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Ашигт малтмалын тухай хуулийн 5.3, 5.4, 5.5-ын Үндсэн хуулийн 6.2, Ашигт малтмалын хуулийн 8-ын 1.7-оор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёстой.
Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулиар мөн Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу “Монгол Улсын эрх ашгийг хангах” нь хамгийн гол асуудал.
Шинээр байгуулагдах Ажлын хэсэгт барих хөрөнгө оруулалтын гэрээний нэг заалт байгаа нь,
- гэрээний 15.5 гэсэн заалтад “…хэрвээ Оюу толгой шууд ба шууд бусаар геологийн тогтцын хүрээнд хамаарал бүхий ордтой лицензийг энэхүү гэрээнд хамааруулахаар шилжүүлэх юм бол энэхүү хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийднэ” гэж тодорхой тусгасан байгаа.
Онтрэгийн талбайг хэзээ нэгэн цагт авъя гэх юм бол энэ заалтыг ашиглахаар оруулсан байх. Энэ бол Монголд ашигтай заалт, тухайн үедээ хэзээ ч ашиглагдаагүй ийм заалт.
Эргэн сануулъя: УИХ-аас “Онтрэ” компани ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах газрын хэвлийн баялгийг ашиглахдаа Монгол Улсын эрх ашгийг хангуулах хүрээнд Засгийн газарт үндсэн чиглэл удирдамж өгч, УИХ-ын тогтоол гаргаж өгч болно. Эсвэл УИХ дээр Хяналтын түр хороо байгуулж болох юм. Тухайлбал, 2021 онд Ц.Даваасүрэн гишүүнээр ахлуулсан Хяналтын түр хороо байгуулагдаад УИХ-ын 103 дугаар тогтоол баталснаар 2,3 тэрбум долларыг тэглэж байсан түүхтэй. Үүнтэй адилхан түр хороо байгуулах цаг нь болсон.
Одоо бидэнд цаг хугацаа байхгүй, 2025 оныг алдах юм бол дахиад 7 жил алдагдсан боломж ярих гээд байна. Яагаад гэвэл зээлийн хүү өөрчлөх ганцхан боломж нь 6 сарын хугацаа л байна.
Онтрэ ХХК-тай өмнөх нийтлэлүүд:
Онтрэ гоулд ашиггүй санал тулгаж, Засгийн газар УИХ-ын шийдвэрийг хүлээнэ
“Онтрэ”-тэй хийх хэлцэл Г.Занданшатарын давах дараагийн шалгуур