
Олон улсын бүрэлдэхүүнтэй “Axiom-4” (Ax-4) хэмээх сансрын хөлгийн амжилттай хөөрлөө. Уг багт энэтхэг сансрын нисгэгч багтсан нь тус улсын хувьд түүхэн мөч болжээ.
Энэтхэгийн Агаарын хүчний ахлах нисгэгч, багийн дарга Шубханшу Шукла уг хөлгийг жолоодож буй бөгөөд ингэснээр сансарт ниссэн хоёр дахь энэтхэг хүн болж байна.
“Ax-4” сансрын хөлөг олон улсын сансрын станц (ISS)-тай 26 гаруй цагийн дараа холбогдох бөгөөд энэ үед багийн дарга Шукла НАСА-гийн тойрог зам дахь лабораторид очсон анхны энэтхэг хүн болно.
Түүний энэхүү аялал нь 1984 онд Ракеш Шарма Оросын “Союз” хөлгөөр нисэж, анхны энэтхэг хүн болсон үеэс хойш 41 жилийн дараа тохиож байна.
Ax-4 нислэгийг НАСА, Энэтхэгийн сансар судлалын байгууллага (ISRO), Европын сансрын агентлаг (ESA), SpaceX хамтран зохион байгуулж буй бөгөөд нислэгийг АНУ-ын Хьюстон хотод төвтэй “Axiom Space” нэртэй хувийн компани хариуцаж байгаа аж.
Нислэгийн бүрэлдэхүүнд Польшийн Славош Узнаньски-Вишневски, Унгарын Тибор Капу нар мөн багтаж байгаа бөгөөд тэдний хувьд ч гэсэн улс орныхоо сансрын нислэгт оролцож буй нь 40 гаруй жилийн дараах үйл явдал юм. Нисгэгчид хэдэн долоо хоногийн турш тусгаарлагдсан байдалд бэлтгэл хийжээ.
ISRO-ийн мэдээлснээр, ахлах нисгэгч Шуклагийн энэ удаагийн ISS-д хийх туршлага нь тус улсын ирээдүйн сансрын хөтөлбөрүүдэд үнэтэй хувь нэмэр оруулах аж. Тэрбээр 2027 онд Энэтхэгийн анхны хүнтэй сансрын нислэгт оролцохоор өнгөрсөн жил сонгогдсон дөрвөн офицерын нэг байсан юм.
Энэтхэг 2035 он гэхэд өөрийн сансрын станц байгуулах, 2040 он гэхэд саран дээр хүн илгээх зорилт тавьжээ. ISRO энэхүү нислэгийн суудал болон сургалтын зардалд 5 тэрбум рупи (ойролцоогоор 59 сая ам.доллар) зарцуулжээ. Хөөрөлтийн дараахан багийн дарга Шукла энэтхэгчүүдэд хандан мэдэгдэл хийсэн.
Тэрбээр уг мэдэгдэлдээ “Бид 41 жилийн дараа дахин сансарт ирлээ. Гайхалтай аялал болж байна. Бид одоо дэлхийг секундэд 7.5 км хурдтай тойрон нисэж байна. Миний мөрөн дээр энэтхэгийн далбаа “мандаж” байна. Энэ бол зөвхөн миний ISS руу хийх аяллын эхлэл биш, харин Энэтхэгийн нисгэгчтэй сансрын хөтөлбөрийн эхлэл юм. Бүх энэтхэгчүүдийг энэ аяллын нэг хэсэг болж, бахархал, баяр хөөрөөр дүүрэн байгаарай. Би сансарт зөвхөн тоног төхөөрөмж биш, тэрбум хүний итгэл найдвар, мөрөөдлийг авч явж байна. Бидний нислэг амжилттай болохын төлөө залбираарай” хэмээжээ.
Мөн тэрбээр сүүлийн нэг жилийг “асар өөрчлөлттэй, гайхамшигтай жил” хэмээн тодорхойлж, сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ “Энэ бол миний амьдралын гайхамшигтай аялал. Гэхдээ хамгийн сайхан нь одоо л эхэлж байна” гэжээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ч баяр хүргэж, “Тэрээр 1.4 тэрбум энэтхэг хүний хүсэл, найдвар, мөрөөдлийг тээж байна” гэж мэдэгджээ.
Шуклагийн төрсөн хот Лакнау хотод төрөлх сургууль нь олон зуун сурагчдын хамт түүний эцэг эхийг угтан авч, пуужин хөөрөх мөчид алга ташиж хүндэтгэл үзүүлсэн байна.
1985 оны аравдугаар сарын 10-нд хойд Энэтхэгийн Лакнау хотод төрсөн Шубханшу Шукла 2006 онд Энэтхэгийн агаарын хүчний сөнөөгч онгоцны нисгэгч болсон бөгөөд өмнө нь 2000 гаруй цагийн нислэгийн туршлагатай нэгэн юм.
Эх сурвалж:BBC News