
Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос, сүйт бүсгүй Лорен Санчезын хамт хуримаа хийхээр өнгөрсөн лхагва гарагт Италийн Венец хотод хүрэлцэн иржээ.
Ж. Безос, Л. Санчез хоёрын 3 хоног үргэлжлэх хуримын арга хэмжээнд уригдсан дэлхийн зартай баячууд, дэлхийн хэмжээний одууд эхнээсээ Италийн Венец хотод үнэтэй дарвуулт завь, хувийн онгоцоо хөлөглөн хүрэлцэн ирсээр байна.
Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын 4-т бичигддэг Ж. Безос сүйт бүсгүй Л. Санчезын хамт өнгөрсөн лхагва гарагт Aman Venice зочид буудалд буужээ. “Зууны хурим” гэгдэж буй тус хосын хуримын ёслолд уригдсан зочид алдартай хамтлаг дуучдын тоглолтыг үзэж, унтлагын хувцастай үдэшлэгээс авхуулаад тансаг зэрэглэлийн цайллагад оролцох аж.
Хуримд уригдсан зочдоос Венец хотод хамгийн түрүүнд ирсэн зочдын тоонд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын охин Иванка, нөхөр хүүхдүүдийн хамт багтаж байна. Түүнчлэн Amazon компанийн хөрөнгө оруулагч Билл Миллер, Английн хөлбөмбөгийн Fulham FC клубийн эзэн Пакистан-Америк гаралтай тэрбумтан Шахид Хан нарын дарвуулт завинууд Венец хотын эрэг дээр хэдийн ирж зогссон байна.

Венец хотын удирдлагуудын зүгээс хотын аюулгүй байдлыг чангатгажээ
Ж. Безос, Л. Санчез нар хуримын арга хэмжээгээ нууцалж байгаа ч энэ баасан гарагт хос Венецийн Сан Жоржиа Мажжиоре арал дээрх сэргэн мандалтын үеийн архитектор Андреа Палладиогийн загвараар 16-р зуунд баригдсан цогчин дуганд хуримын тангаргаа өргөх ба хуримын гол цайллага ирэх бямба гарагт 1104 онд байгуулагдсан байлдааны хөлөг онгоцны хуучин үйлдвэр болох Венецийн Арсенал хэмээх түүхэн цогцолборт болно гэсэн мэдээллүүд ил болоод байгаа билээ.
3 өдөр үргэлжлэх уг хуримын ёслолд Ж. Безос, Л. Санчез нар 40-48 сая евро зарцуулж байгаа ба Ж. Безос Венецийн усны системийг судлах төсөлд 1 сая евро хандивлахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: theguardian.com