
Amazon компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг Жефф Безос, түүний сүйт бүсгүй Лорен Санчез нарын хуримын ёслолын байршил өөрчлөгдсөн талаар No Space for Bezos нэртэй эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн мэдэгджээ.
Ж. Безос, Л. Санчез нарын хуримын ёслол Венец хотын төвд байрлах 16-р зуунд баригдсан Скуола Гранде делла Мизерикордия хуучин сургуулийн барилгад болох байсан ч No Space for Bezos эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн хотын сувгуудыг хааж, хуримын ёслолд саад болно гэж сүрдүүлсний үр дүнд хуримын ёслол 1104 онд байгуулагдсан байлдааны хөлөг онгоцны хуучин үйлдвэр болох Венецийн Арсенал хэмээх түүхэн цогцолборт зохион байгуулагдахаар болжээ.
No Space for Bezos эсэргүүцлийн хөдөлгөөнөөс гадна АНУ Израил-Ираны дайнд нэгдсэн явдалтай холбоотойгоор аюулгүй байдлын үүднээс хуримын ёслолыг зохион байгуулах байршлыг өөрчлөх шаардлага гарсан ч байж болзошгүй аж.
Венец хотын удирдлагуудын зүгээс хотын тэр дундаа еврейчүүдийн олноор амьдардаг дүүргийн аюулгүй байдлыг чангатгажээ.
Ж. Безос, Л. Санчез нарын хуримд 200 гаруй зочид уригдсан ба тэдгээрийн дотор Илон Маск, Ким Кардашьян, Леонардо ди Каприо зэрэг олны танил одууд багтаж байгаа аж. Венец хотын нисэх онгоцны буудалд энэ мягмар, лхагва гарагуудад 90 гаруй хувийн онгоц газардах төлөвтэй байгаа аж.
Ирэх пүрэв гарагт болно гэж яригдаж буй хуримын ёслолын талаар өөр тодорхой мэдээлэл байхгүй байна.
Ж. Безос, Л. Санчез нарын хурим Венец хотод болно гэж яригдаж эхэлсний дараа иргэд хэт олон жуулчдын хөлд дарагдаад буй түүхэн дурсгалт газар баячуудын тоглоомын талбай болох гэж байна хэмээн бухимдан, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн юм.
Тус хөдөлгөөнд Италийн Грийнпис, Их Британийн Everyone Hates Elon зэрэг байгууллагууд нэгдэж, баячуудын зохион байгуулж буй арга хэмжээнүүд нь нийгмийн болон уур амьсгалын шударга бус байдлыг бий болгодог хэмээн онцолжээ
Нөгөө талаас Венец хотын дарга баян чинээлэг хүмүүсийг хотод нь цуглуулж буй арга хэмжээг эсэргүүцэж байгаа хүмүүсийн өмнөөс ичиж буйгаа илэрхийлсэн бол Италийн Соаве хотын дарга Ж. Безосыг хуримаа Венецид бус Италийн хамгийн үзэсгэлэнтэй тосгонд хийхийг урьжээ.
Эх сурвалж: theguardian.com