
The New York Times сонинд бичсэнээр АНУ-ын зэвсэгт хүчний тагнуулын алба АНУ-ын Ираны цөмийн объектуудад үзүүлсэн цохилт нь тухайн объектуудыг бүр мөсөн устгаж чадаагүй ч цөмийн зэвсгийн хөтөлбөрийг нь хагас жилээр ухрааж чадсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.
The New York Times сонин Иран-Израилын 12 өдрийн турш үргэлжилсэн зэвсэгт зөрчилдөөн болон АНУ-ын Иранд үзүүлсэн цохилтын талаар тагнуулын албанаас гаргасан дүгнэлттэй танилцсан албан тушаалтнуудтай ярилцсаны үндсэн дээр АНУ-ын Ираны Фордо, Натанз, Исфахан дахь цөмийн объектуудад үзүүлсэн цохилтууд нь Ираны цөмийн хөтөлбөрийг бүрэн устгаж чадаагүй гэдгийг тогтоожээ.
Иран-Израилын зэвсэгт мөргөлдөөн эхлэхээс өмнө Америкийн тагнуулын алба богино хугацаанд хүчин чадал багатай цөмийн зэвсэг бүтээхэд Тегеранд багадаа 3 сарын хугацаа шаардлагатай гэж дүгнэж байв.
The New York Times сонин дүгнэлтдээ Ираны эрх баригчид баяжуулсан ураныхаа дийлэнхийг аюулгүй газарт шилжүүлж, нууж чадсан учраас АНУ, Израилын цохилтуудын үр дүнд Ираны цөмийн материалын зөвхөн өчүүхэн хэсэг устсан тухай, мөн АНУ-ын цохилтууд Ерөнхийлөгч Д. Трампын засаг захиргааны найдаж байсан шиг Ираны цөмийн объектуудад ноцтой эвдрэл гэмтэл үзүүлж чадаагүй тухай дурджээ.
Түүнчлэн АНУ-ын цохилтуудын үр дүнд цөмийн объект руу орох хоёр гарц нурсан ч газар доорх байгууламж бүрэн бүтэн үлдсэн болохыг The New York Times онцолсон байна.
АНУ-ын цохилтуудын үр дүнд Фордо цөмийн объектын цахилгаан эрчим хүчний систем гэмтсэн ч газар доорх Фордо цөмийн байгууламж устаагүй гэсэн дүгнэлтийг Израилын тагнуулын алба мөн гаргажээ.
Цагаан ордон зэвсэгт хүчний тагнуулын албаны дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа ба Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт дээрх мэдээлэл нь Ерөнхийлөгч Д.Трампын болон Ираны цөмийн объектуудад цохилт үзүүлсэн бөмбөгдөгч онгоцнуудын нисгэгч нарын нэр хүндийг унагах зорилготой гэв.
Эх сурвалж: www.bbc.com