
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зуслангийн байшинд өнөөдөр буюу 2025.06.24-ны өдөр Авлигатай тэмцэх газраас дотор нэгжлэг хийсэн байна.
Энэ талаар С.Ганбаатар:
“Надад хийсэн гэмт хэрэг байхгүй. У.Хүрэлсүх гэдэг хүнийг дарангуйлагч боллоо гэж л хэлсэн. Тэрнээс болоод АТГ-аас зуслангийн байшинд маань ирж нэгжлэг хийж байна. Энэ хэд У.Хүрэлсүхийн даалгавраар миний эхнэр, хүүхдийг айлгах гэж ирж. Энэ бол 32 сая төгрөгийн үнэтэй дүнзэн байшин. Нэгжлэг, шалгалт хийж байгаа шалтгаан нь тодорхойгүй. АТГ-аас ирлээ гээд айлгаж, ичээх юм гэнэ. Та нар зүгээр том том хулгайч нартайгаа тэмцээч. Ерөнхийлөгч Засгийн газрыг тоглоомын Засгийн газар болгож байхад хэн ч юм хэлэхгүй байгаа нь дарангуйлал тогтож байна гэсэн үг. Би уран ярьсан. У.Хүрэлсүх Францад очиж, монголын ард түмнийг уранжуулсан. Үүнийг л би хэлсэн. АТГ-аас ирсэн залуус намайг айлгаж ичээх юм гэнэ. Та нар хулгайч нартайгаа тэмц. Гишүүний дархан эрхэд битгий халд. Би шударгаар явж байгаа улстөрч. У.Хүрэлсүх намайг хэдэн сар шалгаж байгаа ч юу ч олж долоохгүй. У.Хүрэлсүхээ, хуулийнхныг Энканто саунаас удирдахаа зогсоо” гэж тухайн газраас өөрийн цахим хуудастаа лайв мэдээлэл хийсэн.
Уг асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс мэдэгдэл хийлээ.
УИХ-н гишүүн Х.Тэмүүжин:
Аль ч үндсэн хууль бүхий парламнтийн ардчилалтай улс оронд парламентийн дээр мөрдөгч нар нь гардаггүй юм. Хуулиа дэвсэлж, хэн нэгэн улс төрчийн нөмөр нөөлөг дотор дураараа авирлаж болдоггүй. Парламент өөрийн гэсэн дархлаатай байх ёстой. Өнөөдөр парламентийн гишүүдийг айлгах гэж оролдож эхэлж байгаа бол үүнийг гэмт хэрэг гэж үзнэ. Ийм бусармаг үйл явдлыг таслан зогсоохын тулд Ардчилсан намын бүлэг хатуу зогсоно. Монгол улсад Үндсэн Хуулийн дэг журам байх ёстой болохоос биш дарга нарын хувийн бодол, бүх эрх мэдлийг өөр дээрээ овоолсон нэг эрх мэдэлтэн дарга түүнийг тойрч эргэлддэг хуулийн байгууллагуудын сүрэг байж болохгүй. Бидний сүүлийн 20 жил ярьсан хонгилын эзэн солигдох биш нурдаг байх ёстой. Энэ нураах ажлыг өнөөдрөөс эхлэн Ардчилсан нам манлайлж хийнэ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал:
АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой УИХ-ын гишүүн болон жирийн гишүүдийг улс төрийн шалтгаанаар шалгах, хуулийн байгууллагаар дамжуулан ял оноож байна. Энэ нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж, манай намын нэр дэвшигчдийн боломжийг буруулж байгаа мэт харагдаж байна. Үүнийг С.Ганбаатар гишүүнд тохиолдож буй уг үйл явдал тодорхой болгож байна. С.Ганбаатар гишүүн гурван асуудал дээр маш тодорхой байр сууриа илэрхийлсэн.
-
Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийг дахин зургаан жилээр сонгохгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгүй.
-
Хоёрдугаарт, Газрын тосны үйлдвэр ашиглалтад орохгүй юм байна. Энэ асуудал дээр анхаараач.
-
Гуравдугаарт, Ураны асуудал дээр УИХ-ын гишүүний хувьд байр сууриа маш тодорхой илэрхийлсэн.
Энэ асуудлуудыг тойроод С.Ганбаатар гишүүний эргэн тойронд байгаа хүмүүсийг шалгах, хорих зэрэг асуудал гарч байгаа. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс албан ёсны мэдэгдэл шаардлага гаргаж байгаа аж.
Тэгвэл энэ талаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээллийн ажилтан комиссар Б.Билэгтээс тодруулахад:
“Үйлдвэрчний эвлэлийн холбооны эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шалгаж байгаа. Тухайн эрх бүхий албан тушаалтнууд нь тус холбоонд бүртгэлтэй газрыг бусдад худалдсан, хууль бусаар шилжүүлсэн. Үүнийхээ хариуд бусад хувийн ААН-үүдээс үл хөдлөх хөрөнгө худалдан авч шилжүүлсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байгаа.Энэ шалгалтын явцад прокурорын зөвшөөрлийн дагуу өнөөдөр БЗД-т байрлах ААН-д бүртгэлтэй газар нэгжлэг хийсэн. Гэтэл энэ үеэр өөрт ямар ч хамааралгүй УИХ-ын гишүүн С.Ганбаатар ирж лайв хийсэн. Тус нэгжлэг хийж буй газар нь ААН-д бүртгэлтэй” гэх тайлбарыг өглөө.