
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израил, Иран хоёр галаа зогсоох тохиролцоонд хүрсэн талаар мэдэгджээ.
Түүний мэдэгдсэнээр талууд түүний мэдэгдлээс хойш 6 цагийн дараа галаа зогсоох ба тэр болтол Израил, Иран хоёр эхлүүлсэн ажиллагаануудаа дуусгах аж. Албаны хүмүүс Израил, Иран хоёр улс галаа зогсоох тохиролцоонд хүрэхэд Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман чухал үүрэг гүйцэтгэсэн тухай онцолжээ.
Ерөнхийлөгч Д. Трамп Иран улс галаа зогсоосны дараа 12 цагийн дотор Израил улс галаа зогсоож, 12 хоног үргэлжилсэн дайн албан ёсоор дуусна хэмээн мэдэгдсэн ч Ираны Гадаад харилцааны сайд Сейед Аббас Арагчи Израил улс хууль бус түрэмгийллээ зогсоовол Иран ч хариу цохилтуудаа зогсооно гэжээ.
Тэрээр Иран улс дайн эхлүүлээгүй, харин Израил улс Иранд дайн зарласан гэдгийг онцолж, одоогийн байдлаар галаа зогсоох тухай ямар ч гэрээ хэлэлцээр хийгдээгүй байгаа гэжээ.
Өнгөрсөн даваа гарагийн орой АНУ Ираны цөмийн объектуудад цохилт үзүүлсний хариуд Тегеран Катар дахь АНУ-ын цэргийн баазад агаараас пуужингийн цохилт үзүүлсэн байна. Ингэхдээ Тегеран Аль Удеид агаарын нисэх хүчний баазад агаараас цохилт үзүүлэх тухайгаа АНУ-д урьдчилж мэдэгдсэн ба Катарын Гадаад харилцааны яам Катарын агаарын довтолгооноос хамгаалах систем Ираны пуужингуудыг замаас нь амжилттай устгаж чадсан тухай мэдэгджээ.
Үүнтэй холбоотойгоор Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират, Ирак болон Кувейт улс агаарын орон зайгаа хаажээ.
Эх сурвалж: theguardian.com