
Загас хамгаалал, сэргээн нутагшуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант Идэр Тул” НҮТББ нь Монгол Улсад ховордсон загасны нэг болох Шөвгөр хоншоорт зэвэг загасны зориудын үржүүлэг, нутагшуулах ажлыг амжилттай хийсэн байна.
Тус байгууллага нь Хөвсгөл аймгийн Идэр голын сав газар, мөн Хөнжил, Тойн голыг түшиглэн хамгаалах, загасжуулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг ба энэ хүрээнд хээрийн нөхцөлд байршуулсан загас үржүүлгийн лабораторид зориудын аргаар түрс гарган авч, үр тогтоох ажлыг хийжээ.
Уг ажлынхаа зорилгыг тэд хэлэхдээ, “Гол, нуур зэрэг усан орчинд амьд организмууд байгалийн хуулиар амьдардаг. Хүчтэй нь амьд үлдэж, идэш тэжээл, нуувч, хүчилтөрөгч ихтэй хэсгүүдэд бяцхан жараахайнууд илүү амьдрах боломжтой байдаг. Манай жараахайнууд ч мөн адил ийм нөхцөлд дасан зохицож, өсч томроосой гэж найдаж байна. Тэдний зарим нь эндэх ч, ихэнх нь амжилттай өсөж, загасны нөөцийг сэргээхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” хэмээжээ.
Нэмэлт: Шөвгөр хоншоорт зэвэг загас нь Монгол орны гол мөрөнд өргөн тархалттай байсан ч сүүлийн жилүүдэд тоо толгой нь эрс цөөрч, ховордож буй унаган загасны нэг төрөл ажээ. Ховордох болсон шалтгаан нь олон янз. Хүний буруутай үйл ажиллагаа, усны түвшин буурах, загасны хэт агнуур гэх мэт. Энэхүү загас нь цэвэр, урсгал усанд амьдрах дуртай бөгөөд тухайн голын экосистемийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй юм. Зөвхөн Монголд төдийгүй ОХУ, Хятад зэрэг төв Азийн зарим нутагт тархсан байдаг. Түрсээ хаврын сүүл, зуны эхэн үеэр буюу таваас зургаадугаар сард шахдаг байна.