
Монголбанкнаас тэтгэврийн зээлтэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.06.23/ мэдээлэл өглөө.
Монголбанкины хэвлэлийн төлөөлөгч Б.Түмэнцэнгэл: Тэтгэврийн зээлийн үлдэгдэл нь нийт хэрэглээний зээлийн 15 хувийг бүрдүүлж байна
-“2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар тэтгэврийн зээлтэй 281.2 мянган зээлдэгчийн 1.8 наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэл нь нийт хэрэглээний зээлийн 15 хувийг бүрдүүлж байна. Нэг зээлдэгч дунджаар 6.5 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй бөгөөд сард дунджаар 802 мянган төгрөгийн зээл буюу тэтгэврийн орлогынхоо 83.7 хувийн зээлийн эргэн төлөлтөд зарцуулж байгаа юм.
Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2021 оны хоёрдугаар улиралд 100 гаруй тэрбум төгрөг байсан. Монголбанкины Мөнгөний бодлогын хороо тэтгэврийн зээлийн хурдтай өсөлтийг харгалзан үзэж энэ онд дараах шийдвэрүүдийг гаргасан. Үүнд:
- 2025 оны гуравдугаар сард тэтгэвэр барьцаалсан зээлийг сарын төлбөрийг төлсний дараах үлдэгдэл нь хүн амын орлогын түвшнээс доошгүй байхаар тогтоосон.
- Түүнчлэн зургадугаар сард банкнаас шинээр олгох зээлийн нөхцөлийг өөрчлөх буюу тэтгэвэр, тэтгэмж барьцаалсан зээлийн хувьд өр орлогын дээд хязгаарыг бусад зээлийн адилаар 50 хувиар тогтоосон.
Өөрөөр хэлбэл зээлдэгч тэтгэврийн орлогынхоо 50 хувийг гар дээрээ үлдээнэ гэсэн зохицуулалт хийсэн. Энэ нь тухайн үеийн эдийн засаг, мөнгөний бодлоготой уялдсан, цогц шийдвэрийн нэг хэсэг гэж ойлгож болно. Эдгээр арга хэмжээ нь Төв банкны үндсэн бодлоготой уялдсан олон талт шийдвэр юм. Хэрэглээний зээлийн хурдацтай өсөлт нь инфляци өсөх, өрхийн амьжиргаа доройтох зэрэг олон эрсдэл дагуулдаг. Монголбанкнаас гаргасан өр орлогын хязгаарлалт нь 2025 оны зургадугаар сарын 16-наас өмнө тэтгэврийн зээл авсан иргэдэд хамааралгүй буюу тэдгээр зээлдэгч нь зээлээ сунгах нэмж зээл авах бололцоотой.
Ерөнхийд нь авч үзвэл эдгээр нь Монголбанк тэтгэврийн зээлийг тусгайлан авч үзэж гаргасан шийдвэр биш. Дээр дурдсанчлан Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн шийдвэр юм” хэмээв.
Монголбанкины Макро зохистой бодлогын хэлтсийн захирал Н.Батболд: Тэтгэврийн чанаргүй зээл сүүлийн нэг жилийн хугацаанд 100 хувийг давсан үзүүлэлт гарсан
-“Тэтгэврийн чанаргүй зээл сүүлийн нэг жилийн хугацаанд 100 хувийг давсан үзүүлэлт гарсан. Тэтгэврийн зээл өөрөө 40-50 хувьтай явж байсан. Гэтэл чанаргүй зээлийн өсөлт сүүлийн хоёр жил дараалан хурдацтай өслөө. Хэрэв цаашид энэ хэвээр өсвөл банк, санхүүгийн байгууллагууд хүнд эрсдэлд орно. Тэтгэврийн чанаргүй зээлийн хэмжээ 11.7 тэрбум төгрөгт хүрсэн.
Монгол Улсад нийт таван банк тэтгэврийн зээл олгодог. Банк бүр өөрийн шаардлагаар зээл олгодог. Тэгэхээр шинэ зээлдэгчид зээл авч чадахгүй байгаа асуудал тухайн банкны тооцооллоор явна гэсэн үг. Тэтгэврийн зээлийн хүү мөн тухайн банкны зохицуулалтаар явна гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.
Шууд дамжуулалт БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: