
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.06.23/ ээлжит хуралдаанаар бүлгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон учир шинээр бүлгийн даргыг томилох шаардлага үүссэн. Хуралдааны танхимаас УИХ-ын гишүүн Жадамбын Бат-Эрдэнэ, УИХ гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нар нэр дэвшиж, хуралдаанд оролцсон гишүүдээс нууцаар санал авснаар Ж.Бат-Эрдэнэ сонгогдсон байна.
Ингэснээр тэрбээр өнөөдрөөс эхлэн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллахаар болж байна.

Мөн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийн танилцуулгыг сонсож, холбогдох байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Засгийн газраас боловсруулж буй “Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Б.Түвшин, Д.Батбаяр нарын өргөн мэдүүлсэн “Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэж тус хоёр хуулийн төслийг цаашид ажлын хэсэг гарган илүү нарийвчлах, хамтатган судлах шаардлагатай гэж МАН-ын бүлгийн гишүүд үзжээ. Мөн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийн танилцуулгуудыг сонссон байна.

