
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн аялал жуулчлалын газраас өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө. Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин, соёлын томоохон арга хэмжээ. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог.
Жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Хүрээ цам-Даншиг наадам” арга хэмжээг зохион байгуулдаг байсан. Ирэх жилүүдээс энэ арга хэмжээг нэгтгэж, зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Зургаадугаар сарын 27-нд Улаанбаатар хотын эргэн тойронд байгаа дөрвөн хайрхнаа тахих ёслол болно. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд шашин буяны арга хэмжээг өргөнөөр зохион байгуулна. “Хүрээ цам-Даншиг наадам” нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд жуулчдыг татах зорилготой зохион байгуулагддаг. Тус наадмыг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байна. “Хүрээ цам-Даншиг наадам 2025” үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
Үүнд: 256 бөхийн барилдаан Хурдан морины уралдаан Жороо морины уралдаан Үндэсний сур харвааны тэмцээн Үндэсний шагайн харвааны тэмцээн Морьт харвааны тэмцээн Морьтны үзүүлбэр Цам харайх ёслол Сээр цохих тэмцээн Есөн дүүргийн Ардын авьяастнуудын шилмэл тоглолт Монгол туургатны уран бүтээлчдийн тоглолт Иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам” урлагийн тоглолт Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн Монгол үндэсний хувцасны үзүүлбэр Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга Их эзэн Чингис хааны тахилга Балин, тосон урлалын тэмцээн Унзад, голч лам нарын тэмцээн Номын мэтгэлцээний тэмцээн болно.
Мөн 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал Хүй7:1 “Төв цэнгэлдэх – Яармаг – Хүй 7 худаг”, Хүй7:2 “МУБИС – Хүй 7 худаг гэсэн хоёр чиглэлд автобус үйлчилнэ” гэлээ.