
Төрийн ордонд МАН-ын бүлэг хуралдаж байна.
Хуралдаанд УИХ-аар хэлэлцэхээр хүлээгдэж буй хуулийн төслүүдээс гадна бүлгийн даргыг сонгох асуудал орж ирээд байгаа. МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Л.Мөнхбаатар нь Г.Занданшатарын Засгийн газарт Хууль зүйн, дотоод хэргийн сайдаар томилогдсон.
УИХ-ын бүхий л үйл ажиллагаанд МАН нь бүлгээр дамжуулж, байр сууриа нэгтгэн ажилладаг. Улс төрийн чухал бүтэц юм. Иймд УИХ-д суудалтай МАН-ын 68 гишүүний байр суурийг нэгтгэх гэдэг утгаар бүлгийн даргын албан тушаал анхаарал татдаг билээ.
Одоогийн байдлаар Л.Энх-Амгалан хамгийн хүчтэй яригдаж байна. Аль ч Засгийн газрын үед албан тушаалгүй үлдэж байгаагүй тэрбээр энэ удаа сул гишүүн болчихсон байгаа. Нөгөө талаас Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнийн амбиц өндөр байгаа юм.
Тэгвэл дөнгөж сая МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай нам ирэх есдүгээр сард Их хурал хийхээр төлөвлөж байгаа тул ойрын хугацаанд Бага хурлаа хуралдуулж, Их хурлын товыг тогтооно.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын шаардлагаар намууд дүрмээ шинэчлэх ёстой. Энэ ажил эхэлсэн. Санхүүжилт ил тод болно, жендерийн тэгш байдлыг хангана, нийгмийн бүлгийн төлөөллийг оролцуулна зэргээр өөрчлөлт хрийгдэнэ.
Намууд санхүүгийн тайлангаа өгөхгүй бол үйл ажиллагааг нь түр зогсоодог болж байгаа. Эдгээрийг угтаж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулах асуудал ид хийгдэж байна” гэв.