
Монгол хүний мөн чанар, үндэснийхээ өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, эх оронч хүмүүжлийг олгох зорилгоор “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-10 дугаар ангийн сурагчдын дунд “Эх оронч сурагч” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, тус хөтөлбөр 7 дүүргийн 46 сурагч хамрагдаад байна.
Сурагчид 7 хоногийн турш “Хөдөлмөр” зусланд байрлаж байгаа бөгөөд олон төрлийн сургалт, сонирхолтой тоглоомуудаар дамжуулан эх оронч үзэл, үндэсний бахархал, нүүдэлчин ёс заншил, түүхийн талаар мэдлэгээ нэмэгдүүлж байна. Хөтөлбөрийн 3 дахь өдөр НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн, Д.Наянбаяр нар сургалт хөтөлбөртэй танилцаж, нэг өдрийг сурагчидтай хамт өнгөрүүлэв.
Тус өдөр эргэлт хүлээн авах хуваарь таарсан бөгөөд сурагчдын ар гэрийнхэн ирсэн байв. Сурагчид зусланд амрах хугацаандаа Монгол Улсынхаа далбааг мандуулж, төрийн дууллаа өглөө бүр дуулах, жагсаалын бэлтгэл хийх, багаараа олон сонирхолтой сургалтад хамрагдаж байгаагаа гэрийнхэндээ ярьж байв.