
АНУ-ын зэвсэгт хүчин Ираны Фордо, Натанз, Исфахан дахь цөмийн объектуудад цохилт үзүүлжээ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн нийгмийн сүлжээнд, “Бидний Ираны цөмийн гурван объектод үзүүлсэн цохилтууд маш амжилттай боллоо.” хэмээн бичжээ.
Ерөнхийлөгч Д. Трампын мэдэгдсэнээр Америкийн Иранд үзүүлсэн цохилтууд нь АНУ, Израил болон дэлхийн хувьд түүхэн үйл явдал бөгөөд одоо Иран дайнаа зогсоох ёстой гэжээ.
Axios сайтад бичсэнээр Вашингтон Иранд үзүүлэх цохилтуудынхаа талаар Израилд урьдчилж мэдэгдсэн бөгөөд Фордо дахь цөмийн объектыг 6 ширхэг “bunker buster” буюу GBU-57 Massive Ordnance Penetrator (MOP) нэртэй тэсрэх бөмбөгөөр, Натанз, Исфахан дахь объектуудыг 30 ширхэг “Tomahawk” пуужингаар тус бүр бөмбөгдсөн талаар Fox News суваг мэдээлжээ.
АНУ Иранд цохилт үзүүлсний дараа Ерөнхийлөгч Д. Трамп, Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай утсаар ярилцсан ба үүний дараа Израилын Б. Нетаньяху АНУ-д Ираны цөмийн объектуудад цохилт үзүүлэх шийдвэр гаргасан явдалд талархаж буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр, “Ерөнхийлөгч Д. Трампад баяр хүргэе. Ираны цөмийн объектуудад АНУ-ын айдас төрүүлэм, шударга ариун хүч чадлаа харуулах таны зоригтой шийдвэр түүхийг өөрчилнө.” хэмээн онцолжээ.
Ерөнхийлөгч Д. Трамп Ираны цөмийн объектуудад үзүүлсэн цохилт Тегераныг хэлэлцээрийн ширээний ард суухад хүргэнэ гэж найдаж байгаа ба CNN агентлагийн мэдээлснээр Ерөнхийлөгч Д. Трамп АНУ-Ираны яриа хэлэлцээ мухардалд орсон учраас уг шийдвэрийг гаргахад хүрчээ.
Фордо дахь уран баяжуулах үйлдвэр нь 2000-аад онд баригдсан бөгөөд газар доор 90 орчим метрийн гүнд байрладаг аж. Он гарснаас хойш Ираны эрх баригчид Натанз хотод уулын гүнд Фордо дахь цөмийн үйлдвэртэй адил үйлдвэр барьсан тухайгаа мөн Исфаханд мөн адил уран баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж буйгаа мэдэгдэж байсан билээ.
АНУ Ираны цөмийн объектуудад цохилт үзүүлсэн явдал АНУ-ын Ардчилсан намынхны төдийгүй Бүгд Найрамдах намын хууль тогтоогчдын шүүмжлэлд өртөөд байна. Хууль тогтоогчид Ерөнхийлөгч Д. Трамп Конгрессын зөвшөөрөлгүй Иранд цохилт үзүүлж, АНУ-ыг Ойрх Дорнодын дайнд хууль бусаар татан оруулж, АНУ-ын Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн буруушааж байна.
Өнгөрсөн 1-р сард Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, энх тайвныг тогтооно гэж амлаж байсан Д. Трамп АНУ-ыг Иран-Израилын аюул дагуулсан зөрчилдөөнд татан оруулснаараа олон улсын аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна хэмээн BBC агентлаг онцолжээ.
Эх сурвалж: BBC News