
БНСУ-ын Chosun Biz сайтад энэ сарын 19-нд БНСУ-ын Сөүл хотын Сонпагу дахь “Lotte Cinema World Tower”-т Монголын “In da House 3” уран сайхны киноны урьдчилсан нээлт, хэвлэлийн бага хурлын талаар мэдээлэл гарсан байна. Тус нийтлэлд “In Da House 3” УСК-ны хэвлэлийн бага хуралд гол дүрийн жүжигчид болох Р.Сүхболд, Н.Баясаа, Г.Лхагвацэрэн, С.Батзориг, У.Цогтбаяр нар оролцож, продюссер Х.Манлайбаатар киноныхоо талаар танилцуулсан талаар бичжээ.
Chosun Biz сайтад бичсэнээр “In Da House 3” уран сайхны кинонд Монголын домогт мөрдөгчид БНСУ-д хэрэг мөрдөж буй талаар гарах аж. Мөн тус кинонд тоглосон жүжигчид нь эх орондоо маш алдартай, “In Da House 3” УСК дотооддоо багагүй ашиг орлого олсон гэжээ.
Тус киноны продюссер Х. Манлайбаатар нь жүжигчин, дуучин бөгөөд гол дүрийг бүтээсэн “Монголын Ма Дон Сок” гэгддэг Р. Сүхболд нь МААЗ нэртэй хамтлагийн дуучин аж. Хошин яриатай жүжигчин Н. Баясааг “Монголын Шин Донг Ёп” гэж хочилдог ба тэрээр жүжигчнээс гадна найруулагч, кино зохиолчоор ажилладаг, харин С. Батзориг нь Каннын кино наадамд өрсөлдсөн анхны Монгол кино “Баавгай болохсон” уран сайхны кинонд тоглож байсан тухай дурджээ.
Жүжигчин У. Цогтбаяр нь нийгмийн сүлжээнд олон дагагчтай, дотооддоо алдартай, харин Г. Лхагвацэрэн нь БНСУ-д хар ажил эрхэлж байсан туршлагатай нэгэн бөгөөд өөрийгөө бахархалтайгаар “Монголын G-Dragon” гэж нэрлэдэг гэжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Р. Сүхболд “Монголын Ма Дон Сок” гэсэн хоч авсан явдалдаа баяртай байгаагаа илэрхийлж, “Монголын Ма Дон Сок энд ирчихлээ, Солонгосын Ма Дон Сок хаана байна. Ах аа, та хаана байна?” хэмээн хошигносон бол Н. Баясаа T-ara хамтлагийн “Roly Poly” дуун дээр бүжиглэж үзүүлжээ.
Эх сурвалж: Chosun Biz