
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал мэдээлэл өглөө. Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголтой холбоотой асуудлыг хэлэлцсэн юм.
Тэрбээр “Олон улсын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад, төсвийн орлого тасрах нөхцөл байдал үүссэн. Тиймээс тавдугаар сарын 31-нд багтан тендер нь зарлагдаагүй 500 гаруй төсөл хөтөлбөрийг зогсоож байна. Үүнээс тодорхой хэмнэлт бий болно. Мөн сул орон тоог цомхотгох ажлуудыг хийж байна. Тодруулбал, цалин хөлс аваад явж байгаа 28 хороог татан буулгах агуулгыг төсвийн тодотголоор оруулж ирнэ. Үүний эхлэл болгоод Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хууль дээр яамгүй, үндэсний хороотой гурван сайдын ажлын албыг татан буулгаж, зардлыг нь танаад, чиг үүргээр нь холбогдох сайд нарт нь шилжүүлнэ.
Жишээлбэл, 20 минутын хотыг Барилга хот байгуулалтын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хороог Сангийн сайд хариуцаад явна. Ийм байдлаар төсвийн хэмнэлт хийхийг бүтэц бүрэлдэхүүний тухай хуулиар шийдвэрлэж байна гэж ойлгож болно.
Өнөөдөр Ерөнхий сайд яамдын газар, хэлтсийн орон тоог долоогоос илүү байлгахгүй байх чиглэлийг өгсөн тул яамдынхаа бүтцийг өөрчилнө. Жишээ нь, Эдийн засаг хөгжлийн яаманд 28 дарга байсан. Бүтцийн шинэчлэл хийж, 28 даргыг 18 болгон бууруулна.
Дэргэдээ хуультай үндэсний хөгжлийн хүрээлэн, төр хувийн хэвшлийн түншлэлийн төв гээд бүгдэд нь 9 хувийн хэмнэлт хийнэ. Таван газартай байсныг гурав болгон даргыг нь бууруулж байна. Энэ бол манлайлал. Судалгааны алба гээд хувийн хэвшил хийх бололцоотой ажлууд бий. Түүнийг нь мэргэжлийн холбоо руу шилжүүлээд газрыг нь буулгаж байна. Сангийн сайд төсвийг 2.3 их наядаар бууруулна гэдгээ танилцуулсан” хэмээв.