
Telegram компанийг үүсгэн байгуулагч Павел Дуров Францын Le Point сэтгүүлд өгсөн ярилцлагадаа саяхан гэрээслэлээ бичсэн тухайгаа дурджээ. Түүний ярьснаар хүүхдүүд нь хамгийн багадаа 30 жилийн дараа л түүний хөрөнгийг өвлөж авах эрхтэй болох аж.
П. Дуров:
- “Хүүхдүүд маань жирийн хүмүүс шиг амьдраасай, өөрсдийгөө нээж, өөрсдөдөө итгэж, хийж бүтээгээсэй гэж хүсэж байна. Банканд байгаа нэг данснаас хамааралтай болоосой гэж хүсэхгүй байна.” гэжээ.
Ингэхдээ П. Дуров өөрийн албан ёсны төрсөн хүүхдүүд болон өөрийнхөө эр бэлгийн эсийг хандивласны үр дүнд төрсөн хүүхдүүдээ хооронд нь ялгаварладаггүй, бүгдэд нь эрх тэгш ханддаг болохоо онцолжээ. Түүний ярьснаар түүнд 3 өөр эмэгтэйгээс төрсөн албан ёсны 6 хүүхдээс гадна, эр бэлгийн эсийнхээ тусламжтай мэндэлсэн 100 гаруй хүүхэд байгаа аж. Тэрээр Франц улсын хууль сахиулах албадад шалгуулж байгаа учраас хамгийн сүүлд төрсөн хүүгийнхээ амьдралын эхний саруудыг хүүгээсээ хол Францад өнгөрүүлэхээс өөр аргагүйд хүрсэн тухайгаа дурджээ.
Дөнгөж 40 настайдаа гэрээслэл бичиж үлдээж байгаа нь ямар шалтгаантай вэ гэсэн асуултад
П. Дуров:
- “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах нь асар олон дайсныг дагуулдаг, хүчирхэг улс орнуудад ч тэр. Би хүүхдүүдээ болон үүсгэн байгуулсан компаниа хамгаалахыг хүсэж байна. Telegram миний эрхэмлэж ирсэн үнэт чанаруудад үнэнч хэвээр үлдээсэй гэж хүсэж байна.” гэжээ.
Forbes сэтгүүлд бичсэнээр Павел Дуров нь 17.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд түүний Telegram аппликэйшнийг дэлхий даяар сард дунджаар 1 тэрбум хүн идэвхтэй ашигладаг аж.