
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянаас Ерөнхий сайдаар томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж мэндчилгээ ирүүлсэнд хариу талархал илэрхийлж, хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахад бэлэн байгааг уламжилж өгөхийг Элчин сайд Шэнь Миньжюаниас хүсэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар шинээр бүрэлдсэн Засгийн газар нь төрийн залгамж чанарыг тууштай баримталж, БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгч буйгаа нотолж, цаашид Хятадын талтай хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг тогтвортойгоор урагшлуулж, бодитой ахиц гаргахын төлөө хамтран ажиллахын чухлыг тэмдэглэлээ.
Элчин сайд Шэнь Миньжюань Хятад, Монголын харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэх, өндөр дээд түвшний яриа хэлцээг тогтмолжуулж, хөгжлийн уялдаа холбоог бэхжүүлэх нь чухал гэж үзэж буйгаа тэмдэглэв.
Уулзалтаар талууд цаашид хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгоход анхаарч, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулахын төлөө байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн талууд уул уурхай, зам тээвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаанд онцгойлон анхаарал хандуулж, нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсаас БНХАУ-д хийж буй уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд, тогтвортой байлгах тал дээр хамтран ажиллахаар боллоо.