
Ерөнхий сайд өчигдөр Эрчим хүчний яаманд ажиллаж, “ДЦС-3”-т саяхан гарсан осолтой холбоотой болон дулаан, эрчим хүчний салбарт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилсан бол өнөөдөр Засгийн газар ээлчит бусаар хуралдаж “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Энэ үеэр Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгээр ажиллаж байсан Н.Тавинбэхийг Засгийн газрын БЭТ-өөр томилсон.
Тэрбээр хэлэхдээ,
“Сая болсон аваарт нэмэлт санхүүжилт хэрэгтэй, их хэмжээний.
Тийм учраас санхүүжилтийг Засгийн газар шуурхай шийдвэрлэх ёстой. Ингэвэл энэ ажлыг хурдан хийх, богино хугацаанд хэвийн горимд орох бололцоо бүрдэнэ. Одоо төсвийн тодотголтой холбоотой эхний ээлжид “ДЦС 3″-ын гэмтэлтэй холбоотой төсөв нь гарсан дотооддоо тодорхойлж болох ажлуудын төсвийг нэмэлт санхүүжилт хүсээд өгчихсөн.
Үүнд барилгын засвар, дулааны эх үүсвэрийг орлох хэмжээнд нэмэлт арга хэмжээ авахтай холбоотой зардлуудын төсөв гарсан. Нийт 16 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан байдлаар тооцоо гарсан. Үүнийг шийдээд өгчихвөл бид нар Улаанбаатар хотод “ДЦС-3″-аас нийлүүлдэг байсан дулааны эрчим хүчний хэмжээг хуучнаас бууруулахгүйгээр явчих боломжтой.
Бидэнтэй их ойрхон харилцдаг байсан уламжлалтай 11 компанид хүсэлт урилга хүргүүлээд байгаа. Турбогенератор ямар үнэтэй вэ? ямар хугацаанд тээвэрлэх вэ? энд ирээд барилга угсралтын ажил хийхэд ямар үнэ хөлстэй болох вэ? ямар хугацаанд гүйцэтгэх вэ? гэдэг талаар тодорхой санал ирүүлээч ээ гэсэн. Одоогоор хараахан ирээгүй байгаа.
Энэ саналууд нэгтгэгдэж байж дундаж хугацаа тодорхой болно. Мэдээжийн хэрэг Улаанбаатар хот болон улсын хэмжээнд цахилгаан болоод дулааны чадлын дутагдалд орсон учраас хамгийн одоо богино хугацаанд тоног төхөөрөмж нийлүүлэх угсралтын ажлыг хийх компанитай хамтарч ажиллана” гэлээ.