
Тайландын Ерөнхий сайд Петонгтарн Шинаватрагийн Камбожийн Ерөнхий сайд асан Хун Сентай утсаар ярьсан яриа ил болсон нь Ерөнхий сайд Петонгтарн Шинаватрагийн засгийн газрыг огцрох эрсдэлд оруулжээ. Олон нийтэд ил болсон ярианд Ерөнхий Петонгтарн Шинаватра Камбожийн одоогийн төрийн тэргүүн Хун Манетын аавтай хоёр улсын хилийн маргааны тухай ярилцаж, түүнийг “ахаа” хэмээн дуудаж, яриандаа Тайландын зүүн хойд зүгийн армийн командлагчийг “өрсөлдөгч” гэж тодорхойлсон нь иргэдийн бухимдлыг төрүүлжээ.
Тэрээр өнгөрсөн пүрэв гарагт зарласан хэвлэлийн бага хурлын үеэр өөрийн консерватив популист Pheu Thai намын гишүүдийн хамт уучлалт гуйсан байна.
Тайландын консерватив Бхумжайтай нам Ерөнхий сайд П. Шинаватра Тайланд улсын төдийгүй тус улсын армийн нэр хүндийг унагасан хэмээн түүний эвслийн засгийн газраас гарч буйгаа зарлажээ.
Өнгөрсөн пүрэв гарагт Тайландын парламентын ордны гадаа олон зуун иргэд цугларч, П. Шинаватраг албан тушаалаасаа огцорч, парламентын сонгууль зарлахыг шаардсан байна. Олон арван жилийн турш газар нутгийн асуудлаас болж зөрчилдөж буй Тайланд, Камбож хоёр улсын хил дээр өнгөрсөн 5-р сард хоёр улсын цэргүүд хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсэж, Камбожийн нэг цэрэг амиа алдсан хэрэг гарсан юм. Талууд нөхцөл байдлыг хурцдахаас сэргийлж, зөвшилцөлд хүрсэн хэмээн мэдэгдсэн ч Бангкок Тайландын хилээр дамжин Камбож руу нэвтрэх явдалд цагийн хязгаарлалт тогтоосон бол Пномпень тайландын кино, телевизийн шоунуудыг гаргахыг хориглож, тайландаас жимс ногоо импортлохоо зогсоожээ.
Эх сурвалж: www.theguardian.com