Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хуулийг хэлэлцлээ

Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ойн энэ өдөр “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Ганзориг хүртэж, 25 сая төгрөгөөр шагнагдлаа.
Дэслэгч Д.Ганзориг нь 2004-2018 онд НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид гал сөнөөгчөөр 2018-2024 онд тус ангид салааны захирагчийн туслахаар 2024 оноос тус ангийн салааны захирагчаар томилогдон Онцгой байдлын албанд 21 дэх жилдээ ажиллаж байна.
Тэрээр сүүлийн 3 жил хугацаанд 886 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 245 хүний амь нас, аж ахуй нэгж байгууллагын 2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, 100 гаруй хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Түүнчлэн Говь, Шангрила, УИД, Гэр хаус, “Айвко” , Нийслэл, “Биг” зэрэг томоохон худалдааны төвд гарсан гал түймэрт ажиллаж, 3 тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, хамт олноо манлайлан ажилласан байна

Бүгд найрамдах Өмнөд судан улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMMISS” ажиллагаанд 2020-2021 онд онд үүрэг гүйцэтгэсэн шилдэг алба хаагчдын нэг юм.
Түүнчлэн 2005 оноос хойш Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техник спортоор тасралтгүй хичээллэж, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцож, ОУХМ цол хүртсэн спортлог алба хаагч билээ.
Тэрээр 2023 онд Турк Улсын Истанбул хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын 18 дахь удаагийн тэмцээний Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч, 2024 онд БНХАУ-ын Харбин хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын 19 дэх удаагийн тэмцээний Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж, 4х100 метрийн буухиа төрөлд Монгол Улсын дээд амжилтыг тогтоосон юм.
Дэслэгч Д.Ганзориг нь 2024 онд Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан тэмдэг, НОБГ-ын “Шилдэг бүлэг”-ийн даргаар тус тус тодорсон. Тэрээр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний хань Ц.Өсөхжаргал нь нийслэлийн I төрөх эмнэлэгт эх баригчаар ажиллаж байна.