
Нийслэлийн замын хөдөлгөөнийг AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бүрэн хянах ажил туршилтын шатандаа явж байна. Уг туршилтыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хийж байгаа бөгөөд Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр танилцлаа.
Түүнчлэн НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Томоохон уулзваруудад долоодугаар сарын 1-нээс эхлүүлж үзээд, жолооч нарт торгууль ногдуулахгүйгээр дээрх уулзваруудад ихэвчлэн ямар зөрчил гарч байна, хэрхэн шийдэж болох, ямар тэмдэг, тэмдэглэгээ дутуу байна зэргийг харах хэрэгтэй. Хамгийн гол нь жолооч нарыг мэдээллээр хангах чухал. Технологийн алдаанаас болж жолооч нар торгууль төлж, мөнгөөрөө хохирох ёсгүй. Эцсийн дүндээ бид нийслэлийн замын хөдөлгөөний зөрчлийг технологийн дэвшил ашиглан багасгаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх л зорилготой болохоос хэн нэгний торгууль, зөрчлийг нэмэгдүүлж дарамт болох учиргүй” гэлээ.
Туршилт он дуустал үргэлжлэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлэх юм. Одоогоор дүрэм зөрчсөн жолооч нарын утасны дугаарт зөрчлийн мэдээлэл илгээх туршилтын ажил үргэлжилж байна.
Мөн туршилтын хугацаанд тест хийж, гарсан алдааг сайжруулаад явна гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа онцоллоо.