
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “АНУ, Иранд цохилт үзүүлэх эсэхийг ирэх хоёр долоо хоногийн хугацаанд шийднэ” хэмээн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт мэдэгджээ.
Түүний мэдэгдсэнээр Ерөнхийлөгч Д. Трамп АНУ, Тегерантай ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийж, зөвшилцөлд хүрэх өндөр магадлалтай гэж үзэж байгаа аж.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт, “Ерөнхийлөгч Д. Трамп асуудлыг үргэлж яриа хэлэлцээгээр шийдэхийг эрмэлздэг болохоо харуулсан гэж бодож байна. Гэхдээ Ерөнхийлөгч шаардлагатай бол хүч хэрэглэхээс айхгүй гэдэгт итгэж болно. Иран болон бусад улс орнууд АНУ-ын зэвсэгт хүчин бол дэлхийн хамгийн хүчирхэг, хамгийн хөнөөлт бөгөөд хамгийн өндөр хүчин чадалтай гэдгийг ойлгох хэрэгтэй.” хэмээн онцолжээ.
The Wall Street Journal сонинд бичсэнээр Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд цохилт үзүүлэх төлөвлөгөөг нааштай хүлээн авсан ч эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа ба тэрээр Тегеран цөмийн хөтөлбөрөөсөө татгалзана гэсэн хүлээлттэй байгаа аж.
Ираны шашны тэргүүн Али Хаменеи телевизээр хийсэн мэдэгдэлдээ АНУ, Ираны эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулах нь нөхөж баршгүй хохирол дагуулна гэдгийг анхааруулсан билээ.
Эх сурвалж: BBC News