
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 7 дугаар сарын 6-наас 13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна.
Энэхүү айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Хатан Масако нарын манай улсад хийх анхны төрийн айлчлал бөгөөд хоёр орны харилцааны түүхэнд онцгой ач холбогдолтой үйл явдал болох юм.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Япон Улсын Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, ард түмнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх талаар санал солилцоно.
Мөн Япон Улсын Эзэн Хаан болон Хатан нь Монгол Улсын Үндэсний их баяр наадам болон холбогдох ёслолын арга хэмжээнд хүндэт зочдын хувиар оролцох юм. Энэ нь Монголын ард түмний түүх, соёл, уламжлалыг гүн гүнзгий танин мэдэх, хоёр орны иргэдийн хоорондын харилцааг илүү ойртуулах онцгой боломж гэж үзэж байна.
Төрийн айлчлал нь Монгол, Япон хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг улам гүнзгийрүүлэх, мөн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой гэж хоёр тал үзэж байна.
Сонирхуулахад, Япон Улсын Эзэн Хаан Нарүхито 2007 онд угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар Монгол Улсад албан ёсоор айлчилж байсан. Тус айлчлал нь Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд явагдаж байв.