
Монгол Улсын үндэсний шуудангийн оператор Монгол Шуудан ХК болон БНХАУ-ын экспресс хүргэлтийн тэргүүлэгч операторын нэг болох YTO Express компаниуд стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хоёр улсын хоорондын цахим худалдаа, шуудан-логистикийн салбарт технологид суурилсан шинэ хуудсыг хамтдаа нээхээр боллоо.
Г.Тэлмэн, Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал:
“YTO Express компанитай байгуулсан энэхүү стратегийн түншлэл нь Монгол Шуудангийн дэд бүтцийг орчин үеийн түвшинд хүргэж, хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, хурдан, хямд, ухаалаг үйлчилгээг хүргэх чухал алхам болж байна.”
Хоёр тал шуудан, логистик, цахим худалдаа болон технологийн салбар дахь чиг хандлага, хөгжлийн явцыг харгалзан үзэж, хоёр улсын хоорондын хүргэлт, тээвэр, гаалийн үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх, Монгол Шуудангийн логистикийн дэд бүтцэд хамтран хөрөнгө оруулж, Монгол Улсын шуудангийн салбарыг шинэ түвшинд гаргах зорилгоор энэхүү стратегийн хамтын ажиллагааг эхлүүллээ.
Хамтын ажиллагааны хүрээнд:
- Монгол Шуудангийн дэд бүтцэд сууриланорчин үеийн технологийг нэвтрүүлж, автомат шуудан-логистикийн сүлжээ байгуулна
- Шуудан ялган боловсруулах автомат систем, программ хангамж, тоног төхөөрөмжийг шинэчилж, үйл ажиллагааны бүтээмжийг 3 дахин нэмэгдүүлнэ
- Хил дамнасан цахим худалдааны тээвэр, хүргэлтийг хурдан, хямд шийдлээр хэрэглэгчдэд хүргэнэ
- Олон улсын цахим худалдааны платформуудын барааг үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд хүргэж, хямд үнээр авах боломж бүрдүүлнэ
- Олон улсын худалдаа, тээвэр, логистикийн цогц үйлчилгээг бизнесүүдэд санал болгоно
- Монгол Улсын газарзүйн онцлогийг ашиглантранзит (дамжин өнгөрөх) худалдаа, тээврийн бүс нутгийн төв болох чиглэлд хамтран ажиллана
YTO Express төлөөлөгч:
“Монгол Улс нь бүс нутгийн стратегийн тээвэр, худалдааны зангилаа байх бүрэн боломжтой. Бид Монгол Шуудантай хамтран ажиллахдаа баяртай байна.”
Монгол Шуудан ХК-ийн тухай
Монгол Шуудан ХК нь Монгол Улсын үндэсний шуудангийн үйлчилгээний оператор бөгөөд бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч, төрийн өмчийн давамгай оролцоотой, нээлттэй хувьцаат компани юм. Улсын хэмжээнд 385 салбар, 1,000 гаруй ажилтантайгаар Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 сумыг хамарсан хамгийн өргөн сүлжээгээр дотоодын болон олон улсын шуудангийн 70 гаруй хувийг гүйцэтгэдэг бөгөөд дэлхийн 192 улстай шуудан солилцдог.
YTO Express-ийн тухай
YTO Express нь БНХАУ-ын экспресс хүргэлтийн салбарын тэргүүлэгчдийн нэг бөгөөд 2000 онд байгуулагдсан. 100,000 салбар, 550,000 ажилтантай, 18 улсад үйл ажиллагаа явуулж, жилд 26 тэрбум шуудан илгээмж дамжуулдаг. Цахим худалдаа, ухаалаг логистик, дрон, жолоочгүй тээврийн шийдлээр салбарын инновацийн чиглүүлэгч юм.