
Өнөөдөр УИХ-ын тогтоолын төслийг батлуулж, чуулганы танхимд байсан гишүүдийн олонх нь дэмжсэнээр ногоон санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, цаашдаа гэр, байшингаа дулаалах санхүүгийн хөшүүрэг, хууль эрх зүйн орчныг зөв болгох ажлуудын суурь тавигдлаа.
Бид “Дулаан Баатар” аяныг 2028 он хүртэл тасралтгүй үргэлжлүүлнэ.
Дулаан цаг үе ирсэн гээд утаагаа мартаж болохгүй. Өвлөөс урьдаж дулаалгын ажлаа эрчимжүүлэх ёстой. Агаарын бохирдлыг дулаалгаар л шийдэх боломжтой.
Өнөөдрийг хүртэл бид түлш буюу шатдаг материал дээр татаас олгож төрийн бодлого хэрэгжиж ирсэн бол цаашдаа дулаалга болох хэмнэлтийг дэмжих бодлого руу шилжихээр том өөрчлөлт хийж байгаагаараа онцлогтой.
“Дулаан Баатар” фейсбүүк, инстаграм хаягаас аяны мэдээллүүдийг авах боломжтой. Гэр хорооллын 170 мянган айл өрх гэдэг нь зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд юм. Орон даяар нийтдээ 300 мянган айл өрхийг үнэгүй дулаалах биш байшин гэрээ дулаалахад нь мэргэжлийн байгууллагатай хамтран, арга зүйн зөв зөвлөгөө өгөх, түүнчлэн ногоон санхүүжилт дээр хүүгийн хөнгөлөлт гэсэн 2 арга замаар хэрэгжүүлнэ.
Энэ жилийн туршид Улаанбаатар хотод 10 мянган байшин, 10 мянган гэрийг дулаалах бол ирэх жил 15 мянган байшин, 15 мянган гэрийг гэх мэт 5 мянгаар нэмж явсаар 2032 он гэхэд 300 мянга орчим байшин, гэрийг дулаалж дуусна.
2028 оны түвшинд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50-иас дээш хувиар бууруулах, харин 2032 он гэхэд 80 хувиар бууруулах боломж нь бүрдэнэ.